Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён, түүний гэргий болон Засгийн газрын сайд нар зэрэг нийт 168 хүний хувийн мэдээлэл цахим орчинд алдагдсантай холбогдуулан тус улсын цагдаагийн байгууллага урьдчилсан шалгалт эхлүүлжээ.
Өмнөд Солонгосын Үндэсний цагдаагийн газрын мэдээлснээр, “Зорчигчдын жагсаалт (Өмнөд Солонгос-Бельги)” нэртэй файлыг өнгөрсөн зургаадугаар сард мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төлбөртэй цахим хуудсанд байршуулсан байна. Уг файлд Ерөнхийлөгч болон түүний гэргий, Засгийн газрын өндөр албан тушаалтнууд, Ерөнхийлөгчийн Тамгын газар (Чонвадэ) болон Гадаад хэргийн яамны ажилтнууд, Ерөнхийлөгчийн аюулгүй байдлыг хангах албаны алба хаагчид, мөн Ерөнхийлөгчийн Тамгын газрын үйл ажиллагааг сурвалжилдаг сэтгүүлчид зэрэг нийт 168 хүний мэдээлэл байгаа аж. Тодруулбал, тухайн хүмүүсийн овог нэр (солонгос, англи хэлээр), ажилладаг байгууллага, албан тушаал, төрсөн огноо, паспортын дугаар, паспорт олгосон болон хүчинтэй хугацаа дуусах огноо зэрэг мэдээлэл уг файлд байсан байна. Тус цахим хуудас нь файл болон веб хаягт хортой код байгаа эсэхийг шалгах үйлчилгээ үзүүлдэг ажээ. Төлбөртэй захиалагчид болон бусад хэрэглэгчид уг платформд байршуулсан файлуудыг татаж авах боломжтой байдаг байна.
Цагдаагийн байгууллагынхны таамалаж байгаагаар, Ли Жэ Мёны өнгөрсөн зургаадугаар сард Бельги, Итали, Францад хийсэн айлчлалын үеэр Ерөнхийлөгчийн онгоцоор зорчсон хүмүүсийн мэдээлэл бүхий уг файлыг хортой код байгаа эсэхийг шалгуулахаар тус платформд байршуулсан байж болзошгүй ажээ. Уг файлыг Ерөнхийлөгчийн гадаад айлчлал эхлэхээс өмнө буюу зургаадугаар сарын 2-нд байршуулсан бөгөөд таван сар орчим хугацаанд цахим орчинд нээлттэй байжээ. Харин одоо тус файлд хандах боломжгүй болсон байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлснээр, мэдээлэл алдагдсаныг мэдсэн даруйдаа холбогдох арга хэмжээг авч эхэлсэн бөгөөд Гадаад хэргийн яам болон бусад холбогдох байгууллага цаашид шаардлагатай ажлыг үргэлжлүүлэн хийх ажээ.