Монгол Ардын намын эрх мэдлийн төлөөх дотоод хагарал, Ардчилсан намын шахалттай зэрэгцэн УИХ-ын нэгдсэн чуулган ирцээ бүрдүүлж, хуралдаж чадахгүйд хүрлээ.
Угтаа энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөөлөл зэрэг олон чухал хуулийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэх учиртай. Гэтэл УИХ-ын нэгдсэн чуулганы ирц 64-д ч хүрч чадахгүй байна.
"ЧУУЛГАНД ОРОЛЦООГҮЙ 32 ГИШҮҮНИЙ 17 НЬ МАН-ЫН ЦӨӨНХ"
Хамгийн сүүлд гэхэд өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ хүрээнд томилсон ХЗДХ-ийн сайдаа танилцуулж, тангараг өргүүлэх учиртай байв. Гэтэл чуулганы нэгдсэн хуралдаанд нийт 52 гишүүн ирцээ бүртгүүлсэн тул ирц бүрдээгүй, хуралдаан хойшлов.
Тэгвэл энэ ирцийн мэдээнээс хэд хэдэн сонирхолтой зүйл ажиглагдана. Тухайлбал, УИХ дахь АН-ын бүлгийн 42 гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Ингэснээр МАН болон бусад намын 32 гишүүн тасалсан эсвэл ямар нэг шалтгаан хэлж оролцоогүй байна. Уг 32 гишүүний 17 нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын буюу МАН-ын цөөнх гэгддэг гишүүд байна. Харин үүн дээр Үндэсний эвсэл эсвэл ИЗНН хүч нэмсэн гэсэн үг.
"Н.УЧРАЛЫН БҮРДҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗРААС ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР ТАСАЛСАН"
Нөгөө талд Н.Учралын бүрдүүлсэн Засгийн газраас Шадар сайд Н.Номтойбаяр тасалсан бол Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Шадар сайд Т.Доржханд нар гадаад томилолттой хэмээн ирцээ бүртгүүлжээ. Харин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат нар орон нутгийн томилолттой байжээ.
"Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Д.АМАРБАЯСГАЛАН НАРЫН ТАЛД ӨДГӨӨ 17 ОРЧИМ Л ГИШҮҮН ҮЛДСЭН"
МАН-ын ЕНБД Я.Содбаатарын “30:38 гэсэн хуваагдал байхгүй” хэмээх мэдэгдэл үнэнд гүйцэгдсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл, МАН-ын дотоод хагарал энэ чуулганы ирцээс тод харагдаж байна. Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын талд өдгөө 17 орчим л гишүүн үлдсэн байна. Угтаа МАН УИХ-д 68 суудалтай олонх. Тэд эв нэгдэлтэй байсан бол Ардчилсан намын 42 гишүүн оролцоогүй ч чуулганы нэгдсэн хуралдаанаа хийх боломж бий. Харин өнөөдөр тус намын хагарал ямар хэмжээнд хүрсэн нь харагдана.
"МАН-ЫН ЦӨӨНХИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИД ЗҮТГҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙСАН С.АМАРСАЙХАНЫГ Н.УЧРАЛ ОГЦРУУЛСАН"
Мөн нөгөө талд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар яагаад чуулганд оролцоогүй вэ гэх асуулт гарна. Үүнийг хэд хэдэн зүйлээр тайлбарлаж болно. Нэгдүгээрт, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын Ерөнхийлөгчид зүтгүүлэх хүсэлтэй байсан ХЗДХ-ийн сайд асан С.Амарсайханыг Н.Учрал огцруулсан. Магадгүй энэ нь Н.Учралд өс санах нэг шалтгаан байж болох юм. Хоёрдугаарт, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нар ХЗДХ-ийн сайдаар Г.Тэмүүлэн томилогдсонд эмээж болох. Учир нь Г.Тэмүүлэн бол МАН доторх НАМЗХ-гоор холбогдож, Н.Номтойбаяртай эдүгээ ч ойр яваа улстөрч. Цаашилбал, Г.Тэмүүлэнг “дундын хүн” гэж тодорхойлж болох юм. Тэрээр 30, 38-ын аль ч талд гардаггүй. Н.Учрал намын даргын хувьд 30-ын талынханд сэрэмжлүүлэг өгөхөөр С.Амарсайханыг огцруулсан. Иймд шуудхан энэ талаас хүн томилохгүй, дундын бүсийн хүнийг сонгосон гэсэн үг.
ХЗДХ-ийн сайдаар Н.Учралын талын хүн томилогдвол Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын хувьд том асуудал. Учир нь Л.Оюун-Эрдэнэтэй холбоотой эрүүгийн дөрвөн хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа бол Бортээгийн ордтой холбоотой асуудал, түүнд хамаарал бүхий “Админерал” ХХК нь Д.Амарбаясгалангийнх гэх асуудал үргэлжилсээр байна. Эдгээр хэрэг, асуудал Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарыг айлгаж байгаа нь ойлгомжтой. Иймд цөөнхийн тал олонхийг “бойкотлох” арга замыг сонгожээ.
"Н.УЧРАЛ МАН-ЫН ДАРГА, БОДЛОГЫГ ТОДОРХОЙЛОХ МАН-ЫН БАГА ХУРЛЫГ ШИНЭЧЛЭН БҮРДҮҮЛСЭН"
Н.Учралын Засгийн газар огцрох асуудал үе үе босож ирж байгаа энэ үед ойлгох ёстой нэг зүйл бий. Тэр бол Засгийн газар огцрох эсэх асуудал УИХ-ын мэдэх асуудал. Хэрэв огцорлоо гэхэд дараагийн Ерөнхий сайд болон намын даргыг тодруулах нь МАН-ын мэдэх асуудал. Харин МАН-ын дарга, бодлогыг тодорхойлох эрх зүйн эрхтэй байгууллага бол МАН-ын Бага хурал юм. Гэтэл МАН-ын Бага хурлыг Н.Учрал өөрөө шинэчлэн байгуулсан. Энэ нөхцөлд Н.Учрал огцорлоо ч гэсэн МАН-ын Бага хурлаас дараагийн Ерөнхий сайд, намын дарга тодрох гэдэг хүндхэн нөхцөл үүснэ.
Монгол Улсын Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуулиар Засгийн газар огцорсон, эсвэл Ерөнхий сайд огцорсон буюу огцорсонд тооцогдсон тохиолдолд Улсын Их Хурал шинэ Засгийн газрыг 30 хоногийн дотор нөхөн томилж, эмхлэн байгуулах хуулийн зохицуулалттай байдаг. Хэрэв чадахгүй бол УИХ тарна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын ээлжит бус сонгууль болно гэсэн үг юм.
"Н.УЧРАЛ: ХАМТАРЧ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЭНЭ НАМД БАЙХ ШААРДЛАГАГҮЙ"
Үүнийг УИХ-ын гишүүд ч анхааруулж хэлсээр байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу “Засгийн газрыг огцруулах нь ямар ч ашиггүй. УИХ-ын ээлжит бус сонгууль болно шүү” хэмээн анхааруулсан байдаг. Тэгвэл өнгөрсөн мягмар гарагт болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурал болон өчигдөр болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал ч ширүүхэн уур амьсгалтай болсон талаар тус бүлгийн гишүүд хэлж байна. Ерөнхий сайд Н.Учрал “Нэг бол урагшаа хараад явцгаая, хамтарч ажиллаж чадахгүй бол энэ намд байх шаардлагагүй” хэмээн анхааруулжээ. Цаашилбал, УИХ-ыг тараахад бэлэн байгаагаа ч анхааруулсан байна.