Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, анхаарах асуудлын талаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Гантулгатай ярилцлаа.
-Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг хэчнээн гэмт хэрэгт хяналт тавьж ажилласан бэ?
-Прокурорын байгууллагаас хэрэгжүүлж буй “Хамгаалсан байгаль-Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээний хүрээнд тус дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлэгт заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөлийг сүүлийн 4 жилийн байдлаар дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд судалсан.
Дүүргийн хэмжээнд Хүрээлэн байгаа орчны эсрэг 95 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдсан байна. Сонгинохайрхан дүүрэгт бүртгэгдсэн хэргийн онцлог нь Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Завхан, Өвөрхангай, Ховд, Баянхонгор, Баян-Өлгий, Төв аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэргийн эд зүйл болох амьтан, ургамлын гаралтай түүхий эдийг Баруун турууны постоор Улаанбаатар хот руу нэвтрүүлэх явцад Экологийн цагдаагийн албаны хяналт шалгалтаар илрүүлсэн хэргүүд байдаг.
Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс байгалийн ургамал тэр дундаа хонин арцыг хууль бусаар тээвэрлэсэн хэргүүд зонхилон үйлдэгдсэн байна.
-Хонин арц гэж ямар ургамал вэ. Түүж бэлтгэсэн тээвэрлэсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?
-Хонин арц нь Монгол орны өндөр уулын таг, асга хадтай газарт ургадаг нэн ховор ургамал юм. Бусад модлог ургамлыг бодвол байгалийн аясаар нөхөн сэргэх чадвар бага тул дур мэдэн түүх, үндсээр нь сугалах нь тухайн ургамлын нөөцийг устгахад хүргэдэг. Хонин арц нь байгаль экологид агаар цэвэршүүлэх, хөрс хамгаалах, усны нөөцийг зохицуулах өндөр ач холбогдолтой, байгалийн тэнцвэрийг хадгалагч мөнх ногоон ургамал юм.
Хөвсгөл, Хэнтий, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрийн уулархаг нутгаар ихэвчлэн тархсан, 1995 онд Монгол Улсын "Улаан ном"-ын нэн ховор ургамлын жагсаалтад бүртгэсэн байдаг.
Эрүүгийн хуульд зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр ховор, нэн ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, хадгалсан, тээвэрлэсэн хүнийг Эрүүгийн хуульд зааснаар 5.4-27 сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн зохицуулалттай.
Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, зэвсэг, техник, хэрэгслийг битүүмжлэн хурааж улсын орлого болгохоос гадна Байгаль орчныг хамгаалах тухай хуульд зааснаар ургамлын аймагт учруулсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлж нөхөн төлүүлдэг онцлогтой.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг нийт 50 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснээс 20 буюу 40 хувь нь Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг эзэлж байна.
-Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх гэмт хэрэг үйлдэгдэж буй шалтгаан нөхцөл юу вэ. Иргэд юун дээр анхаарах шаардлагатай вэ?
-Сүүлийн жилүүдэд байгалийн ургамал тэр дундаа хонин арцыг дур мэдэн түүх, их хэмжээгээр бэлтгэх, цаашлаад нунтаглаж тээвэрлэх зэрэг хууль бус үйлдэл цөөнгүй гарч байна. Иргэд хууль эрх зүйн мэдлэг дутмаг, байгалийн ургамал хууль бусаар бэлтгэх нь гэмт хэрэг болохыг ухамсарладаггүй, ахуйн хэрэгцээнд эсвэл эмчилгээний зориулалттай гэх нэрийн дор хууль бус үйлдэл хийж байгааг анхаарах хэрэгтэй. Нэн ховор ургамлын жагсаалтад багтдаг байгалийн ургамлыг хамгаалах нь зүй ёсны хэрэг. Гэтэл иргэд ашиг хонжоо олох зорилгоор их хэмжээгээр түүж бэлтгэн Улаанбаатар хот руу тээвэрлэж гэмт хэрэгт холбогдож байна.
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд байгальд ургаж буй хонин арцыг зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэхгүй байх, байгалийн ургамлыг түүж, бэлтгэсэн зөрчилтэй үйлдлийн талаар холбогдох байгаль орчны хяналтын байгууллага болон хуулийн байгууллагад цаг алдалгүй мэдээлэх хэрэгтэй. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх нь дан ганц хуулийн байгууллагын ажил биш, иргэдийн оролцоо чухал гэдгийг онцолмоор байна.
-Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор тус дүүргийн прокурорын газраас ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?
-Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчил гаргахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулахаар холбогдох албан тушаалтнуудад прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлэх, биелэлтийг хангуулан ажиллаж байна. Мөн иргэд, хүүхэд залуучуудад байгаль, орчноо хайрлан хамгаалах ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, хууль зүйн үр дагаврыг тайлбарлан хүргэх зорилгоор сургалт, яриа таниулга хийх зэрэг арга хэмжээг авч байна.