Ардчилсан намаас пүрэв гараг бүр зохион байгуулдаг “4.11 мэдээллийн цаг”-аар өнөөдөр /2026.10.22/ Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд хэрхэн хүртээх асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр АН-ын ОНХБ хариуцсан нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж Оюутолгойн ногдол ашиг буюу гурван их наяд төгрөгийг иргэдэд ямар хэлбэрээр хүргэх нь анхаарал татаж байгааг онцоллоо. Тэрбээр “Хуулиараа баялгийн сандаа ороод хуримтлалын сангаараа дамжиж иргэдийн нэрийн дансанд орох ёстой. Хэрхэн яаж зарцуулах вэ гээд И-Монголиа дээр санал авч байгаа. Гэтэл өргөн барьсан төсвийн хавсралтуудыг шүүгээд үзвэл OT270 кодтойгоор хоёр их наяд төгрөгөө хаашаа, яаж зарцуулах вэ гэдгээ Засгийн газар хэдийнээ тооцчихсон байна. Өөрөөр хэлбэл, 10 аймгийн ДЦС, цэцэрлэг, сургууль руу зарцуулна гээд аль хэдийнээ тооцсон байна. Ингэж иргэдээ хуурсан, Их хурлаа хуурсан зүйл ярихаа болих хэрэгтэй. Хоёр их наяд төгрөг бол иргэдэд очих ёстой зүйл. Засгийн газрын данхар бүтцээ цөөл. 30 их наядын төсөвтэй байгаа 20 сайдаа цөөл. Ингэж байж иргэд, ААН, бизнес эрхлэгч нартаа ажиллах, амьдрах орон зайг нь өг” гэлээ.