Isee.mn мэдээллийн сайт “Та баримтаа харуулж болох уу” цуврал нэвтрүүлгийг эхлүүлж байна. Тус нэвтрүүлгээр УИХ-ын гишүүд болон иргэдийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, холбогдох байнгын хороодын хуралдааны үеэр хэлсэн мэдэгдэл, мэдээллийн баримтыг тодруулан хүргэх юм.
Тэгвэл 2026 оны арван нэгдүгээр сарын 3-ны өдөр УИХ-ын гишүүн Ө.Шижир Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдааны үеэр Монголбанк хотын төвийн буюу А зэрэглэлийн бүсэд байрлах өөрийн эзэмшлийн талбайн нэг метр квадратыг 35 мянган төгрөгөөр бусдад түрээслэн орлого олдог тухай баримтыг дурдсан юм. Бид уг асуудлыг тодруулж, түүнээс холбогдох баримтыг нь шаардлаа.
ВИДЕО:
"МОНГОЛБАНК ӨӨРИЙН ЭЗЭМШЛИЙН 12 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛҮҮЛДЭГ"
-Та холбогдох байнгын хорооны хуралдааны үеэр Монголбанк нэг метр квадрат талбайгаа 35 мянган төгрөгөөр түрээсэлдэг гэж хэлсэн. Энэ талаар дэлгэрүүлж, баримтаа харуулж болох уу?
-Болно оо. Би ер нь нэг л асуудлыг яриад байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр 2027 оны улсын төсөвт бусдаас байр, талбай түрээслэхэд нийтдээ 119 орчим тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна. Гэтэл төр өөрөө маш их хөрөнгөтэй. Ийм байхад яагаад бусдаас өндөр үнээр байр түрээслээд байгаа юм бэ. Би энэ оны эхээр Үндэсний аудитын газраар энэ асуудлаар судалгаа хийлгэсэн. Тус судалгаагаар төрийн байгууллагууд нэг метр квадрат талбайг 177 мянган төгрөг хүртэлх үнээр түрээслэж байгаа тохиолдол байна. Гэтэл нөгөө талд төр өөрөө маш их хөрөнгө, үл хөдлөх хөрөнгөтэй. Одоо хүүхэд, залуучуудын мэддэгээр хуучнаар “Өргөө” кино театр байсан, одоогийн IT Park нэг метр квадрат талбайг 18 мянган төгрөгөөр түрээсэлж байсан. Улмаар хэдэн сарын турш шүүхийн маргаантай байж байгаад буцааж авсан шиг болсон.
Төр өөрөө маш их хөрөнгөтэй байж, өөрийн эзэмшлийн талбайг бусдад түрээслэхдээ нэг метр квадратыг 50 мянган төгрөгөөр түрээслүүлнэ гэж тогтоочхоод, бусдаас байр түрээслэхээрээ 100 гаруй мянган төгрөгөөс эхэлсэн үнээр түрээсэлж байна.
Би УИХ-ын 2026, 2027 оны төсөвтэй холбоотойгоор энэ асуудлаар зарчмын зөрүүтэй санал олон гаргасан. Зөвхөн энэ жил гэхэд 45 зарчмын зөрүүтэй санал гаргасан. Гэвч бүгдээрээ үгсэн хуйвалдаад унагаачих шиг боллоо.
Засгийн газар юу гэж тайлбарладаг вэ гэхээр энэ бол гадаад улсад байгаа гадаадын төлөөлөгчийн байгууллагуудын зардал гэж тайлбарладаг. Гэтэл нийт 119 тэрбум төгрөгөөс Гадаад харилцааны сайдын багцад 1.34 тэрбум төгрөг буюу ердөө нэг гаруй хувь нь л ногдож байна шүү дээ.
Бусад нь дандаа яам, тамгын газруудын бусдаас байр түрээслэх зардал байгаа юм. Одоо төрийн өмчит компаниудад албан бичиг явуулчихсан байгаа. Эхнээсээ хариу ирж байгаа. Тэдгээрийн нэг нь Монголбанк. Тухайлбал, аравдугаар сарын 23-ны өдрийн албан бичиг байна.

Монголбанк өөрийн эзэмшлийн 12 үл хөдлөх хөрөнгийг ямар нэгэн байдлаар бусдад түрээслүүлдэг юм байна. Жишээлбэл, аймаг дахь Монголбанкны салбарууд өөрийн талбайг тухайн аймгуудад түрээслүүлдэг. Архангай, Хэнтий, Сүхбаатар, Орхон, Дархан-Уул, Дорноговь, Дорнод зэрэг аймгийг дурдаж болно. Хамгийн сонирхолтой нь Монголбанкны төв байр буюу ТЕГ-ын урд байрлах барилгын 1,024 метр квадрат талбайг нэг метр квадратыг нь сард 35 мянган төгрөгөөр түрээслүүлдэг юм байна. Та нар бод доо. Хотын төвийн А зэрэглэлийн бүсэд нэг метр квадрат талбайг 35 мянган төгрөгөөр түрээслүүлнэ гэж байх уу. Талбай тойрсон захын өвс хүртэл хамгийн хямддаа 200 мянган төгрөгийн үнэтэй. Үйлчилгээний талбайнууд нэг метр квадрат нь 120-200 мянган төгрөг, зарим нь 200-250 мянган төгрөгийн үнэтэй байна. Гэтэл Монголбанк яг төв талбай дээр, хотын хамгийн өндөр зэрэглэлийн бүсэд байрлах барилгынхаа 1.024 метр квадрат талбайг нэг метр квадратыг нь 35 мянган төгрөгөөр түрээслүүлж байна.
Нөгөө талаар Монголбанк байрандаа багтахгүй байна, зай талбай хүрэлцэхгүй байна гээд хажуудаа 10 гаруй давхар том барилга барьсан шүү дээ. Тэгэхээр төсвийн мөнгө үр ашиггүй зарцуулагдаад байна гэсэн үг. Өөрсдөө маш сайн байршилтай, том объектуудаа хувийн хэвшилд метр квадратыг нь 35 мянган төгрөгөөр түрээслүүлчихээд, өөрсдөө байрандаа багтахгүй байна гэж шинэ барилга барьж байна. Үүнтэй адил асуудал боловсролын салбарт ч байна. Боловсролын яамнаас асуухад хамгийн бага түрээсийн үнэ нь нэг метр квадрат талбайд 45 мянган төгрөг байсан. Тэр нь бүр Тахилтад, гэр хорооллын захад байрлах талбайн түрээсийн үнэ шүү дээ. Гэтэл Монголбанк өөрийн эзэмшлийн 1,024 метр квадрат талбайг хотын төвийн А зэрэглэлийн бүсэд хувийн хэвшилд ийм хямд үнээр түрээслүүлж байна. Ийм байж болох юм уу. Төрд ийм их хөрөнгө байхад төсвийн мөнгийг ийм үр ашиггүй зарцуулж болох юм уу гэдгийг л хэлэх гээд байгаа юм. Үүний холбогдох албан бичгийг би нэмж өгнө. Би ер нь бүх асуудлыг албан бичиг, баримтад үндэслэж ярьж байгаа. Төр өөртөө ийм их хөрөнгөтэй атлаа Засгийн газар нь тэр хөрөнгийнхөө менежментийг хийж чадахгүй байна гэдгийг л хэлээд байгаа юм.

"ТӨР ӨӨРИЙН ХӨРӨНГИЙГ ТООЛЖ, БҮРТГЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА"
-Тэгэхээр Монголбанк сард ойролцоогоор 35 сая төгрөг, жилд 400 гаруй сая төгрөгийн түрээсийн орлого олдог байх нь ээ?
-Хотын төвийн хамгийн өндөр зэрэглэлийн, маш сайн байршилтай газар шүү дээ. Төрийн ордны хажууд байрлах оффисын түрээсийн талбайнуудыг үзэхэд хамгийн багадаа нэг метр квадрат нь 120-180 мянган төгрөгийн үнэтэй байна. Хамгийн үнэтэй нь 200 мянган төгрөг хүрч байгаа юм. Төр өөрөө үр ашиггүй зардал гаргаад байна гэсэн үг. Өөрсдөө байрандаа багтахгүй, зай талбай хүрэлцэхгүй байна гээд хэдэн зуун тэрбум, хэдэн арван тэрбум төгрөгөөр шинэ барилга барьдаг.
Гэтэл тэр барилга нь ашиглалтад орсны дараа урсгал зардал нь дийлдэхээ больдог. Зөвхөн байр ашиглалтын зардал гэхэд л сүүлийн таван жилийн хугацаанд 400 дахин өссөн байх шиг байна.
Төр ингээд л энд тэндгүй баахан барилга бариад байна шүү дээ. Барилгын ажлыг сунжруулж, төсөвт өртгийг нь нэмэгдүүлнэ. Тэгээд тэр барилга ашиглалтад ормогц урсгал зардал нь төсөвт дарамт болж эхэлдэг.
Сангийн яам гэхэд л үндсэндээ 1.2 тэрбум төгрөгөөр бусдаас байр түрээсэлж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нэг тэрбум төгрөгөөр байр түрээсэлж байна. Монгол Улсын Шадар сайд буюу Т.Доржханд 511 сая төгрөгийн түрээсийн зардалтай байна. Соёл, спортын салбарт 1.3 тэрбум төгрөг гэх мэтээр ийм зардлууд гарч байгаа юм. Эдгээрийг нэгтгэхээр нийт 119 тэрбум төгрөг болж байгаа.
Төр өөрт байгаа хөрөнгөө ашиглахгүй байж, бусдаас өндөр үнээр байр түрээслээд байгаа нь л асуудал. Үүний цаана авлига, ашиг сонирхлын асуудал ч байгаа гэж би бодож байна. Нэг бол төр өөрийн хөрөнгийг тоолж, бүртгэж чадахгүй байна. Эсвэл төрийн өмчийг зориудаар үнэгүйдүүлж байна. Ийм л хэлбэр рүү орж байгаа гэсэн үг.