Канадын орогнол авахын тулд Х.Нямбаатар Ерөнхийлөгчийг онилж, өөрийгөө “улс төрийн хавчлагад өртсөн” хохирогчоор харуулахыг зориод байж магадгүй

Канадын орогнол авахын тулд Х.Нямбаатар Ерөнхийлөгчийг онилж, өөрийгөө “улс төрийн хавчлагад өртсөн” хохирогчоор харуулахыг зориод байж магадгүй

АТГ-аас өчигдөр /2026.11.09/ Туулын хурдны замын төслийн санхүүжилттэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Хотын дарга асан Х.Нямбаатар Туулын хурдны замын төслийн 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг олгохдоо худалдан авах ажиллагааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй асуудлыг шалгаж байна гэсэн юм. 

Тодруулбал, мөрдөх байгууллагын мэдээлснээр, "тухайн үед Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүүжилтийн албан тушаалтан уг урьдчилгаа төлбөрийг шилжүүлэх хууль зүйн үндэслэл хангагдаагүй гэж үзэн санхүүжилтийн эрх нээхээс татгалзсан байна. Гэтэл Х.Нямбаатар уг эрхийг тухайн үеийн орлогч Т.Даваадалайд шилжүүлж, хуульд заасан шаардлага хангаагүй, баталгаа гаргах эрхгүй этгээдийн гаргасан баталгааг үндэслэн 500 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч компанид шилжүүлсэн" гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татжээ.

ВИДЕО: 

- 500 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ -

"Ямар ял авахаас урьтаж, гацаанд орчихоод байгаа энэ 500 тэрбум төгрөгөөр юу хийж болох вэ" гэсэн асуулт ургаж байна.  Өнөөгийн ханшаар энэ мөнгө нь ойролцоогоор 138.9 сая ам.доллартай тэнцэж буй юм. Үүгээр 600 сая төгрөгийн үнэтэй Lexus LX 600 загварын 833 ширхэг автомашин эсвэл 30 сая ам.долларын үнэтэй бизнес ангиллын дөрвөн нисэх онгоц авч болно. Тэр ч байтугай тус бүрийг нь 20 тэрбум төгрөгөөр тооцвол 25 сургууль барих боломжтой ийм их хэмжээний мөнгө юм.

Гэвч энэ их хэмжээний улсын мөнгийг шилжүүлэхдээ хууль зөрчсөн эсэх асуудлаар Хууль зүйн сайдаар ажиллаж байсан хүн өөрөө хуулийн байгууллагад очиж тайлбар өгөхгүй байгаа нь анхаарал татаж буй. Тодруулбал, Х.Нямбаатарыг ийм хэмжээний мөнгийг хууль бусаар шилжүүлсэн үндэслэлээр 2026 оны есдүгээр сарын 25-нд яллагдагчаар татаж, дуудан ирүүлэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн боловч тэрбээр ирээгүй байгаа юм. Учир нь тэрээр энэ оны аймдугаар сарын 10-нд Монгол Улсын хилээр гарсан бүртгэлтэй бөгөөд одоогоор байршлыг нь тогтоолгохоор Интерполд хандаад буй гэдэг.

Түүний өөрийнх нь хэлснээр бол тэрээр одоо Канад улсад амьдарч байгаа аж. Дэлхийн хүн төрөлхтний мөрөөдөл АНУ байдаг бол Америкчуудын мөрөөдөл Канад гэдэг. Энэ ч утгаараа Канад улс амьдралын өртөг маш өндөр улсын тоонд ордог. Харин дарга асан Х.Нямбаатар ийм өндөр өртөгтэй улсад магадгүй тансаг хаус, таван одтой зочид буудалд тарвалзаад хэвтэж байж ч магадгүй.

Цахим сүлжээнд лайв хийж, нийгмийн талцуулах болсон түүнд "ажил хийхгүйгээр Канад улсад яаж хангалуун амьдраад байна вэ" гэсэн асуултыг тавихын сацуу утасны цаанаас улс орныхоо нэр хүндийг унагасан зүйлсийг ярьж, “аргаа барж” суухын оронд хүрч ирээд шалгуулахыг хүсэж буй.

-КАНАД УЛСАД ОРОГНОХЫН ТУЛД УЛС ТӨРИЙН ХАВЧЛАГАД ӨРТСӨНӨӨ НОТЛОХ ЁСТОЙ- 

Сүүлийн 10 жилийн хугацаанд “бүх юмны дарга” хийсэн буюу УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд, Хотын дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан, өдгөө НИТХ-ын төлөөлөгч Х.Нямбаатар Канад улсаас нийгмийг туйлшруулж, нэг улс төрчийг онилсон мэдэгдлийг л удаа дараа хийх болсон. 

Тодруулбал, тэрээр сүүлийн нэг сарын хугацаанд долоо хоногт заавал нэг удаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг харлуулсан мэдээлэл хийх болсон юм. Үүнээс улбаалан түүний хийж буй энэхүү үйлдэлтэй холбогдуулан хардах хэд хэдэн үндэслэл бий болж байна. Нэгдүгээрт тэрээр Туулын хурдны замын төслийн 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа санхүүжилтийг олгохдоо "Худалдан авах ажиллагааны тухай" хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй асуудлаар АТГ-т шалгагдаж байна. Үүнээс мултрахын тулд Канадыг зорьсон байж магадгүй байгаа юм. Үргэлжлүүлээд тэрээр энэ асуудлыг нэг тийшээ болтол Канадад амьдрахыг зорьж байж магадгүй.

Учир нь Канадын Цагаачлал, дүрвэгсдийн зөвлөлийн 2026 оны хоёрдугаар сарын мэдээллээр, орогнолын хүсэлтийг үндсэн агуулгаар нь хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх дундаж хүлээлгийн хугацаа 18 сар байжээ. Харин тухайн үед шинээр хүсэлт гаргасан хүмүүс анхан шатны шийдвэрийг ойролцоогоор гурван жил хүлээх тооцоо гарсан байна.

Гэхдээ орогнол хүссэн хүн автоматаар дүрвэгчийн статус авахгүй бөгөөд тухайн хүн эх орондоо улс төрийн үзэл бодол, шашин шүтлэг, үндэс угсаа болон бусад хуульд заасан шалтгаанаар хавчигдах бодит эрсдэлтэй гэдгээ нотлох шаардлагатай. Тухайлбал, төрийн байгууллагаас улс төрийн үзэл бодлоор нь хавчин гадуурхах, амь нас, эрх чөлөөнд нь бодит аюул учруулах нөхцөл байвал Канад улс хамгаалалтад авах асуудлыг хэлэлцдэг байна.

Тэгвэл Канадаас орогнол хүсэхэд хамгийн том түлхэц үзүүлдэг зүйл бол "улсынх нь Ерөнхийлөгчөөс дарамт шахалт ирвэл тэр хүнийг өмгөөлөлдөө авахад ойртдог" гэнэ.

Түүнчлэн АТГ-аас өчигдөр хийсэн мэдээлэлдээ манай улс болон Канад улсын хооронд Эрүүгийн хэрэг харилцан туслалцах гэрээ байхгүй гэдгийг дурдсан хэдий ч, хоёр улс хоёулаа Авлигын эсрэг НҮБ-ын конвенцод нэгдсэн тул гэмт хэрэг үйлдсэн этгээд нутаг дэвсгэрт нь байвал тухайн улсад нь шилжүүлэн өгөх зохицуулалттай байдаг аж. Иймээс манай тал холбогдох байгууллагад нь хүсэлтээ хүргүүлсэн байгаа гэсэн юм.

-КАНАД УЛСЫГ ХЯТАДЫН АВЛИГЫН ХЭРЭГТНҮҮД ХӨРӨНГӨӨ БАЙРШУУЛЖ, ОРОГНОЛ ХҮСДЭГ ОРНООР СОНГОХ БОЛЖЭЭ- 

Гэхдээ Х.Нямбаатарын орогнохоор “сонгосон” Канад улс нь Авлигын хэрэгтнүүдэд “ээлтэй” улс гэж болно. Учир нь Хятадын авлигын хэрэгт холбогдсон этгээдүүд Канад руу их хэмжээний хөрөнгө шилжүүлж, үл хөдлөх хөрөнгө худалдан авсан бодит жишээ олон байдаг ажээ. 

Тухайлбал, OCCRP болон Канадын “Toronto Star” сонины хамтарсан эрэн сурвалжлах нийтлэлд Хятадын цэргийн өндөр албан тушаалтанд хахууль өгсөн гэх сэжигтэн Чэнь Рункайгийн талаар дэлгэрэнгүй баримтуудыг дэлгэжээ. Тэрбээр 2006 онд Канад руу нүүж ирэхдээ жилд хамгийн ихдээ 41 мянган канад долларын орлоготой гэж мэдүүлсэн боловч дараа нь түүний гэр бүлийн Канад дахь банкны дансанд 114 сая гаруй канад доллар шилжсэн байна. Улмаар охин нь 2012 онд 14.7 сая канад долларын үнэтэй харш, өөрөө 2016 онд 15.6 сая канад долларын үнэтэй байшин худалдан авсан байжээ. 

Түүнчлэн Хятадын олон тэрбум ам.долларын хууль бус наймаа, авлигын хэрэгт холбогдсон Лай Чаншин 1999 онд гэр бүлийн хамт Канад руу зугтаж, дүрвэгчийн статус хүсэж байсан байна. Тэрээр эх орондоо буцвал улс төрийн зорилгоор хэлмэгдэж, цаазаар авахуулах эрсдэлтэй гэж тайлбарласан ч Канадын эрх баригчид орогнолын хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзаж, олон жилийн шүүхийн маргааны эцэст 2011 онд Хятад руу буцаасан аж.

Эдгээр ойрын түүхээс харахад, Канад улс гадаадын авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийн хөрөнгө мөнгөө байршуулдаг, мөн эх орондоо буцвал улс төрийн хавчлагад өртөнө гэж үзсэн хүмүүсийн орогнол хүсдэг орнуудын нэг байсаар иржээ. Харин Х.Нямбаатарын хувьд ийм арга замаар өөрийгөө аварч гарахын тулд улс орноо харлуулж, улс төрийн дарамтад өртсөн дүр зураг бүрдүүлэхийг оролдож байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байна.