Хүүхдийн хичээлийн цүнх хүнд байгаа нь манай улсын тулгамдаад байгаа асуудлуудын нэг болсон. ДЭМБ-ын стандартаар цүнхний жин хүүхдийн биеийн жингийн 10 хувь байна гэж заасан байдаг ч судалгаагаар манай улсын бүх сурагчдын цүнх биеийн жингийн 10 хувиас илүү байгааг тогтоосон байна. Хүнд цүнх хүүхдийн биеийн байрлалыг хэрхэн өөрчилж, ямар эрхтнүүдэд ачаалал өгч, улмаар өсөлт хөгжилд нь хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа талаар энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ.
ВИДЕО:
-СУРАГЧДЫН ЦҮНХ БИЕИЙН ЖИНГИЙН 10 ХУВИАС ХЭТРЭХГҮЙ БАЙХ НЬ ДЭМБ-ИЙН СТАНДАРТ ХЭДИЙ Ч МАНАЙ УЛСЫН БҮХ СУРАГЧДЫН ЦҮНХ ЭНЭ ХЭМЖЭЭНЭЭС ХҮНД БАЙНА-
Олон нийт сурагчдын цүнхний хэтэрхий хүнд байгаа талаар бүгд мэддэг ч ямар нэгэн зүйл хийдэггүй нь харамсалтай. Дэлхийн стандарт хүүхдийн биеийн жингийн 10 хувь байдаг ч манай улсын бүх сурагчдын цүнх энэ тоог давсан бөгөөд биеийн жингийн 15 хувь хэмээн тооцвол судалгаанд хамрагдсан бага ангийнхны 66.8 хувь нь үүнээс хүнд цүнхтэй байгаа юм.
Манай сурвалжлах баг Улаанбаатар хотын дугаар сургууль руу орж тавдугаар ангийн хүүхдүүдийн цүнх хэдэн кг орчим байгааг жинлэж үзлээ. Судалгаагаар тавдугаар ангийн сурагчдын дундаж жин ойролцоогоор 31 кг байдаг бөгөөд ДЭМБ-ын стандартаар 3.1 кг цүнх үүрэх нь өөрийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй байж болох тоо. Эхний сурагчийн цүнхийг жинлэж үзэхэд 4 кг орчим байв. Тухайн сурагч, “Хичээлийн хувиараа ялгасан ч цүнх маань хөнгөн болдоггүй. Өдөрт 3-4 хичээлийн ном авч явдаг.
Бие тамирын хичээл орсон өдөр хувцас, пүүзээ хийхээр бүр л хүнд болдог. Заримдаа нуруу өвдөж ядардгаас гадна гүйхээр цүнхэндээ дийлдээд хойш уначих гээд байдаг” гэсэн юм.
Харин дараа сурагчийн хувьд цүнхэндээ 4 хичээлийн ном, дэвтэр, хоолны сав, хичээлийн зарим хэрэгсэл, зэргийн байх бөгөөд цүнх нь 4.9 кг болж байсан юм. Тухайн сурагчийн хувьд ойролцоогоор 34 кг гэж тооцвол 16.6 хувь болж байгаа юм. Мөн л хүзүү, нуруу өвдөхөөс гадна цүнх нь хэт учраас гүйхэд хойш унах гээд байдаг хэмээн яриан дундаа онцолсон байдаг.


-ТАНД 5КГ, 6КГ ЦҮНХ ГЭХЭЭР ХӨНГӨН САНАГДАЖ МАГАДГҮЙ Ч ХҮҮХДИЙН БИЕД МАШ ОЛОН СӨРӨГ НӨЛӨӨГ ДАГУУЛЖ БАЙДАГ-
МУБИС,БТС-ийн Бие бялдрын боловсрол хөдөлгөөн заслын тэнхимийн ахлах багш В.Лхамсүрэнгийн олон улсын судалгаанууд дээр үндэслэн тайлбарласан "Сурагчийн цүнх ба эрүүл мэнд" илтгэлийн үеэр хүүхдийн өсөлт, хөгжилтөнд хэрхэн нөлөөлж болох талаах танилцуулсан байдаг.
- Цүнхээ байнга нэг мөрөн дээрээ үүрвэл хүүхэд жинг унагахгүйн тулд эсрэг талын мөрөө өргөж, биеэ хажуу тийш хазайлгадаг. Улмаар нэг талын булчин байнга чангарч, нөгөө талынх суларснаар нуруу бага багаар хажуу тийшээ муруйж эхэлдэг байна.
- Цүнх хүүхдийн дааж чадахаас хүнд байвал хүндийн биеийн төв хойшоо шилждэг учир хойш савж унахгүйн тулд хүүхэд өөрийн эрхгүй биеэ урагш нь бөхийлгөж, толгойгоо унжуулж алхдаг байна. Энэ байрлал нь цээжний болон хүзүүний хавирга, нугалмуудад ирэх ачааллыг хэд дахин нэмэгдүүлж үр дагаварт нь нурууны дээд хэсэг хойшоо овойж, цээжний хэсгээр бөгтөр болдог.
- Хүнд цүнхийг унагахгүйн тулд хүүхэд хүзүүгээ урагш сунгаж, толгойгоо унжуулдаг. Хүзүүний булчингийн энэхүү буруу чангаралт нь эрүүний үе болон зажлах булчингуудад дамжлага даралт өгдөг байна. Үүнээс болж хүүхэд өөрийн мэдэлгүй шүдээ зуух, шөнө шүдээ хавирах дадалтай болох бөгөөд энэ нь шүдний зуулт өөрчлөгдөх, эрүүний үе өвдөх шалтгаан болдог аж.
Энэ шалтгаануудаас гадна амьсгалын тогтолцоо, мэдрэлийн тогтолцоо хоол боловсруулах тогтолцоонд хүртэл сөргөөр нөлөөлж байгааг судлаачид тогтоосон аж.
