Химийн хортой барьцалдуулагч оруулж ирж байгаад баригдсан гэх “Тавантолгой түлш”-ийн С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг маргааш шийднэ

Химийн хортой барьцалдуулагч оруулж ирж байгаад баригдсан гэх “Тавантолгой түлш”-ийн С.Даваасүрэнд хилийн хориг тавих эсэхийг маргааш шийднэ

Химийн хортой барьцалдуулагч оруулж ирж байгаад баригдсан гэх “Тавантолгой түлш”-ийн захирал С.Даваасүрэнг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокуророос шүүхэд хүргүүлэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл С.Даваасүрэнд таслан сэргийлэх арга хэмжээ авах эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш буюу арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд болохоор товлогдсон байна. 

Эргэн сануулахад, “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэнг хүний эрүүл мэндэд хортой химийн бодис их хэмжээгээр агуулсан шахмал түлшний барьцалдуулагчийг Замын-Үүдийн боомтоор хил нэвтрүүлэх гэж байхад нь Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид илрүүлж, таслан зогсоосон байдаг.

Түүнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байгаа юм. Эх сурвалжийн мэдээлснээр С.Даваасүрэн өөрийн үйлдлийг хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр эхнэрийнхээ санал болгосон БНХАУ-ын иргэнтэй тохиролцож, 2026 оны аравдугаар сарын 23-нд нэг тонн нь 6500 юанийн үнэтэй, нийт 1000 тонн барьцалдуулагч худалдан авах гэрээ байгуулсан гэх асуудалд холбогдоод байгаа юм. Уг бүтээгдэхүүн нь техникийн шаардлага хангаагүй, хүний эрүүл мэндэд хортой химийн бодис агуулсан байсан бөгөөд худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотойгоор 1.082 тэрбум төгрөгийн ашиг олох давуу байдал бий болгосон байж болзошгүй хэмээн шалгаж байна.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.