Сум дундын ахлах сургуулиудыг байгуулна

Сум дундын ахлах сургуулиудыг байгуулна

Боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн бүтцийг дахин төлөвлөж, бүсчилсэн хөгжлийн бодлоготой уялдуулан сум дундын ахлах сургуулиуд байгуулахаар ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 76.6 хувь нь 12 жилийн сургалттай үйл ажиллагаа явуулж байна. Гэвч зарим сумын сургуульд 200 хүрэхгүй хүүхэд суралцаж байна. Ийм нөхцөлд багшийн хангамж, сургалтын чанар болон сонгон судлах хичээлийн хүртээмжийг сайжруулахын тулд сургуулийн бүтцийг дахин зохион байгуулах шаардлагатай гэж үзжээ. Сум дундын ахлах сургууль байгуулах боломжийг 2023 онд батлагдсан хууль, эрх зүйн зохицуулалтад тусгасан. Сургуулиудыг шууд нэгтгэх бус, суралцагчдын тоо, багшийн нөөц, газарзүйн байршил, бүсчилсэн хөгжлийн бодлогод үндэслэн оновчтой зохион байгуулах зорилготой аж. Ялангуяа суралцагчдын тоо цөөн, багшийн хомсдолтой сумдад сум дундын ахлах сургуулийн тогтолцоог хөгжүүлснээр хүүхдүүдийн чанартай боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлж, сонгон судлах хичээлийн хүртээмжийг сайжруулах ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.