ВИДЕО: Палестины далбааны улмаас Турк, Израилын багийн тоглолтод мөргөлдөөн гарч, 30 минут зогсжээ

ВИДЕО: Палестины далбааны улмаас Турк, Израилын багийн тоглолтод мөргөлдөөн гарч, 30 минут зогсжээ

УЕФА-гийн Европын лигийн хүрээнд Туркийн “Beşiktaş” болон Израилын “Hapoel Beer-Sheva” багийн хооронд болсон тоглолтын үеэр хөгжөөн дэмжигчид болон Гүржийн цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч, тоглолтыг 30 орчим минут зогсоожээ.

ВИДЕО: 

Тодруулбал, өчигдөр /2026.11.26/ Гүржийн Батуми хотод болсон тоглолтын үеэр Туркийн багийн хөгжөөн дэмжигчид Палестины далбаа болон Палестины эрх чөлөөг дэмжсэн лоозон дэлгэсэн байна. Үүний дараа Гүржийн цагдаа нар үзэгчдийн суудалд нэвтэрч, далбааг хураах ажиллагаа явуулах үеэр мөргөлдөөн гарчээ.

Туркийн хэвлэлүүдийн мэдээлснээр цагдаа нар хөгжөөн дэмжигчдийн эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэсэн бөгөөд зарим хүн гэмтэж, эмнэлгийн тусламж авсан байна. Улмаар шүүгч Мортен Крог тоглолтын 26 дахь минутад тоглолтыг зогсоож, хоёр багийн тоглогчдыг талбайгаас гаргасан бөгөөд 30 орчим минутын дараа тоглолтыг үргэлжлүүлжээ.

Туркийн “Beşiktaş” клуб Гүржийн аюулгүй байдлын хүчнийхэн хөгжөөн дэмжигчдэд хэт их хүч хэрэглэсэн гэж мэдэгдэн, уг үйлдлийг буруушаасан байна. Мөн Туркийн Хөлбөмбөгийн холбооноос болсон явдлыг шалгуулах хүсэлт гаргахаа илэрхийлжээ. Харин Туркийн Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи Гүржийн талын холбогдох албан тушаалтантай утсаар ярьж, хөгжөөн дэмжигчдийн эсрэг хүч хэрэглэсэн асуудлаар тайлбар шаардсан байна. Гүржийн талын тайлбараар Палестины далбааг хураах шийдвэрийг цагдаа бус УЕФА-гийн албаныхан гаргасан бөгөөд Гүржийн төрийн байгууллагууд уг шийдвэрт оролцоогүй аж. Тоглолтын хувьд хоёр багийн тоглолт 2:1-ээр Туркийн “Beşiktaş” клубын ялалтаар өндөрлөжээ.

Эх сурвалж: Associated Press




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө