“Хэсгийн ахлагч” нар гэх сонгуулийн схемыг угсарч өгдөг, төсвийн мөнгөөр угжуулж, иргэдийн мэдээллийг төрд дамжуулах үүрэг бүхий Үндсэн хуульд заасан засаг захиргааны нэгжийн бус ажлын байр манай улсад бий.
Тэд бол таны, миний төлсөн татварын мөнгөөр цалинжиж, сонгуульд хэн, хэдэн төгрөгөөр саналаа худалдах вэ гэдгийг тооцдог МАН-ын бүлжээ бүхий систем л гэсэн үг. Бид өнгөрсөн хугацаанд тэдэнд 84 тэрбум төгрөг зарцуулаад байна.
-Д.СУМЬЯАБАЗАРЫН САНААЧИЛГААР 2022 ОНД ХЭСГИЙН АХЛАГЧ ГЭХ БҮТЭЦ БИЙ БОЛГОЖЭЭ-
Тэгвэл энэ бүхэн хаанаас эхлэлтэй вэ гэдгийг эргэн сануулъя. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47.1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороо, төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй” гэсэн заалт бий. Гэтэл энэ заалтыг үндэслэн Хотын дарга асан Д.Сумьяабазар тогтоолын төсөл өргөн мэдүүлж, НИТХ-аас баталж “хэсгийн ахлагч” гэх ажлын байрыг бий болгосон байдаг.

-ХЭСГИЙН АХЛАГЧ НАРТ 83.9 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ-
Ингэснээр өнгөрсөн хугацаанд татвар төлөгчдийн мөнгөнөөс 2022 онд 13.1 тэрбум, 2023 онд 21.5 тэрбум, 2024 онд 22.5 тэрбум, 2026 онд 26.8 тэрбум төгрөг буюу нийт 83.9 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Харин ирэх оны төсвийн төсөлд 1.915 хэсгийн ахлагчийн сарын цалинг 1.2 сая төгрөгөөс 1.5 сая төгрөг болгон нэмэгдүүлж, нийт 34.5 тэрбум төгрөг зарцуулахаар тусгаад байна.
-ХЭСГИЙН АХЛАГЧ ГЭХ АЖЛЫН БАЙР НЬ ҮНДСЭН ХУУЛИЙН БУС НЭГЖ-
Гэтэл энэ бол Үндсэн хуульд заасан засаг захиргааны нэгж биш. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, шийдвэр Үндсэн хуульд нийцсэн байх ёстой. Аймаг-сум-баг, нийслэл-дүүрэг-хороо гэсэн гурван шатлал бүхий засаг захиргааны тогтолцоог хуульчилсан атал үүний хажуугаар “хэсэг” гэх бүтэц бий болгосон нь хууль зүйн үндэслэл, эрх хэмжээний асуудлыг хөндөж байна. Гэвч энэ асуудал өнөөг хүртэл шийдэгдэлгүй явсаар байна.
-ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАХ ҮҮРГИЙГ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН, ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ГҮЙЦЭТГЭХ ЁСТОЙ-
Асуудал зөвхөн бүтэц, төсвөөр хязгаарлагдахгүй. Хэсгийн ахлагч нар иргэдийн хувийн мэдээлэлтэй харьцдаг. Гэвч тэд төрийн жинхэнэ албан хаагч биш, гэрээгээр ажилладаг хүмүүс. Төрийн албаны тухай хууль болон Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн хүрээнд авч үзвэл иргэдийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд тодорхой хариуцлага, хяналтын тогтолцоо байх шаардлагатай. Харин гэрээт ажилтнуудын хариуцлагын тогтолцоо, мэдээлэлтэй харьцах эрх хэмжээ тодорхой бус байгаа нь иргэдийн мэдээллийн аюулгүй байдалд эрсдэл үүсгэж болзошгүй юм.
-ХЭСГИЙН АХЛАГЧ ГЭХ БҮТЦИЙГ ТАТАН БУУЛГАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ГАЦЖЭЭ-
МАН-ын бий болгосон энэ тогтолцоог өөрчлөх асуудлыг Ардчилсан намын гишүүд удаа дараа хөндөж, шүүмжилж ирсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ө.Шижир энэ асуудлаар байр сууриа илэрхийлж байсан бол УИХ-ын гишүүн Д.Батбаяр "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг ч хэлэлцээгүй байна.
Хуулийн төслийн өөрчлөлтөд тусгаснаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.9 дэх хэсэгт байгаа “Дарга, хорооны хэсгийн ахлагч нараас” гэсэн заалтыг “даргаас” гэж өөрчлөхөөр тусгажээ. Ингэснээр Үндсэн хуулийн засаг захиргааны бус нэгжид томилсон "хэсгийн ахлагч" гэх орон тоог хална гэсэн үг юм.
Ийнхүү Үндсэн хуульд заасан засаг захиргааны нэгж биш атлаа төсвөөс жил бүр хэдэн арван тэрбум төгрөг авдаг, иргэдийн мэдээлэлтэй харьцдаг хэрнээ хариуцлагын тогтолцоо нь тодорхой бус “хэсгийн ахлагч” гэх бүтэц оршин тогтносоор байна.