УИХ-ын даргын өрөөнд болсон намын дарга нарын уулзалтад ИЗНН оролцоогүй нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх эргэлзээг төрүүлж байна

УИХ-ын даргын өрөөнд болсон намын дарга нарын уулзалтад ИЗНН оролцоогүй нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх эргэлзээг төрүүлж байна

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт энэ долоо хоногийн мягмар гарагт /2026.11.24/ УИХ-д суудалтай намын дарга нартай өрөндөө уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцсэн. 

Энэхүү уулзалтанд МАН-ын дарга Н.Учрал, Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр нар оролцож, Зөвшилцлийн зөвлөлийн анхны уулзалтыг зохион байгуулсан байна.  Угтаа бол одоогийн 126 гишүүнтэй УИХ-д таван намын төлөөлөгч сонгогдон ажиллаж байгаа. Тэгвэл энэ удаагийн Зөвшилцлийн зөвлөлийн уулзалтанд ИЗНН-ээс төлөөлөгч оролцоогүй нь энэ нам дотоод хагарал, зөрчилдөөнөө шийдвэрлэж чадаагүйгээс болж ирсэнгүй юу гэсэн эргэлзээг төрүүлж байгаа юм. Тэр ч байтугай Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй нөхцөл байдалд хүрч байгаа юм биш биз гэсэн таамгийг төрүүлж байгаа юм. 

Эргэн сануулахад, ИЗНН-ын дотоод зөрчил өнгөрсөн гуравдугаар сард ил тод хурцадсан юм. Тодруулбал, өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд намын 26 жилийн ойн арга хэмжээ болж байх үеэр нөгөө хэсэг нь “Новотел” зочид буудалд Онц их хурал нэртэй хурал зохион байгуулж, намын дарга Б.Батбаатарыг огцруулан, УИХ-ын гишүүн Р.Батболдыг шинэ даргаар сонгосноо зарласан. Харин Б.Батбаатар уг хурлыг намын дүрмийн бус гэж үзэж, намын удирдлагыг шилжүүлэхээс татгалзсан нь хоёр талын маргааныг эхлүүлсэн. Улмаар хоёр тал тус тусдаа намын их хурал зохион байгуулж, өөр өөр дүрэм, удирдлагын бүртгэлээ Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Улсын дээд шүүх 2026 оны тавдугаар сарын 29-нд намыг дотоод маргаанаа шийдвэрлэж, нэг дүрэмтэй болох хүртэл бүртгэлийн асуудлыг хойшлуулсан юм.

Харин долоодугаар сарын 2-нд Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар Б.Батбаатарын талын ээлжит бус XIII их хурлаар баталсан намын дүрмийг бүртгэж, Р.Батболдын талын намын даргын томилгоо болон дүрмийн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан. Ингэснээр шүүхийн бүртгэлийн хувьд Б.Батбаатар намын даргаар үлдсэн ч намын дотоод зөрчил улс төрийн хүрээнд хэрхэн шийдвэрлэгдсэн нь анхаарал татаж байна.