Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-нд орон даяар эхэлнэ.
Энэ жилийн тэмцээнд 6000 гаруй шатарчин оролцох бөгөөд гурван үе шаттай зохион байгуулагдах юм. Тодруулбал, эхний шат энэ сарын 28, 29-ний өдрүүдэд аймаг, нийслэл, дүүрэг, сумдад болно. Энэ шатнаас сум бүрээс хоёр эрэгтэй, нэг эмэгтэй, дүүрэг бүрээс зургаан эрэгтэй, гурван эмэгтэй шатарчин шалгарч, хагас шигшээд өрсөлдөх эрх авна. Улмаар эхний шатнаас шалгарсан шатарчид ирэх сарын 19, 20-ны өдрүүдэд хагас шигшээ тоглолтод оролцох бол улсын аваргын шигшээ тэмцээн 2027 оны нэгдүгээр сард Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, аваргууд тодорно. Тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингээр 2000-аас дээшгүй (эмэгтэй шатарчны хувьд 1800-аас дээшгүй) чансаатай, шатрын спортын улсын цолгүй, 25 нас хүрсэн шатар сонирхогчид оролцох боломжтой.