“Шинэ өртөө–Толгойт” чиглэлийн 17.4 км төмөр зам ашиглалтад орж, нүүрсийг нийслэлийн төвөөр тээвэрлэхгүй боллоо

“Шинэ өртөө–Толгойт” чиглэлийн 17.4 км төмөр зам ашиглалтад орж, нүүрсийг нийслэлийн төвөөр тээвэрлэхгүй боллоо

“Шинэ өртөө–Толгойт” чиглэлийн 17.4 км төмөр зам өнөөдөр /2026.11.28/ ашиглалтад орсноор Багануур, Шивээ-Овоогийн уурхайгаас нийслэлийн дулааны цахилгаан станцуудад нийлүүлдэг түүхий нүүрсийг хотын төвөөр дамжуулан тээвэрлэхгүй байх боломж бүрдлээ. 

Тодруулбал, Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын үргэлжлэл болох Шинэ өртөө–Толгойт чиглэлийн төмөр замыг энэ оны наймдугаар сард барьж эхэлсэн бөгөөд гурван сарын хугацаанд ашиглалтад оруулсан байна. Ингэснээр нийслэлийн дулааны цахилгаан станцуудын жилийн 5.8 сая гаруй тонн нүүрсний хэрэглээг хотын төвөөр бус шинэ төмөр замаар тээвэрлэх нөхцөл бүрдэж байгаа аж. Одоогоор Улаанбаатар хотын дундуурх төмөр замаар жилд 6.3 сая тонн түүхий нүүрс тээвэрлэдэг байна.

Ерөнхий сайд Н.Учрал төмөр замын нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн улмаас хүний амь нас эрсэдсэн харамсалтай үйл явдлаас хойш аюултай ачааг хотын төвөөр тээвэрлэх асуудлыг зогсоох шаардлагатайг онцолжээ. Мөн Багахангай–Хөшигийн хөндийн төмөр замыг Эмээлт зөрлөгтэй холбон, гол төмөр замтай холбох шийдвэр гаргаснаар ачаа тээврийн шинэ чиглэл бий болсныг дурдсан байна.

Тус төмөр замын бүтээн байгуулалтад үндэсний 13 аж ахуйн нэгж, 400 гаруй инженер, техникийн болон бусад ажилтан оролцжээ. Төмөр зам нь 1520 мм царигтай, 25 тоннын голын даацтай бөгөөд жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай юм.

Төслийн тооцооллоор ашиглалтын эхний жилд 20 сая тонн, цаашид жилд 25 сая тонн хүртэл ачаа тээвэрлэх боломжтой. Мөн хоногт 1800 хүртэлх том оврын ачааны автомашиныг нийслэлийн авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй, жилд 2.5 сая орчим тонн аюултай ачааг хотын төвөөр нэвтрүүлэхгүй байхаар тооцжээ. Түүнчлэн төмөр замын ачаа тээврийн урсгалыг шинэ чиглэлд шилжүүлснээр авто зам, төмөр замын гармын хаалтын хугацааг 90 хүртэл хувиар бууруулах боломжтой аж. Хотын төвд байрлах 13 ачаа тээврийн терминалыг нүүлгэн шилжүүлж, чөлөөлөгдсөн газрыг нийтийн зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн байна. Засгийн газрын мэдээлснээр, уг төслийг ТЭЗҮ-ийн тооцоогоор нийт 555 сая ам.долларын өртгөөр хэрэгжүүлсэн бөгөөд 15 жилийн хугацаанд улсын төсөвт 442.2 тэрбум төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх боломжтой гэж тооцоолжээ.




Өнөөдөр морь өдөр

5 цагийн өмнө