Элчин сайд Ё.Отгонбаяр: Оройн цагаар сэлгүүцэхгүй байхыг зөвлөж байна

Элчин сайд Ё.Отгонбаяр: Оройн цагаар сэлгүүцэхгүй байхыг зөвлөж байна

АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод өнгөт арьст эрэгтэй цагдаа нарт баривчлагдсаны дараа нас барснаас хойш тус улс даяар өрнөж эхэлсэн эсэргүүцлийн жагсаал тав дахь өдрөө үргэлжилж байна.

"CNN" сувгийн мэдээллээр, АНУ-ын 30 орчим хотод эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа аж. Зарим жагсагч тайвнаар эсэргүүцлээ илэрхийлж байгаа бол зарим нь эмх замбараагүй байдал үүсгэж, дээрэм тонуул хийж байна.

Иймд Монгол Улсаас АНУ-д суугаа онц бөгөөд, бүрэн эрхт элчин сайд Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудастаа “АНУ-д байгаа монголчууд гадуур болгоомжтой байхыг хүсье. Жагсаал, цуглаанд оролцох, ойрхон явах, орой үдшийн цагаар сэлгүүцэхээс түдгэлзэхийг зөвлөж байна. Цөөхөн бүлгээрээ явж танхайрах үйлдлүүд гарч байна” гэжээ. Мөн тэрээр “Одоогоор ноцтой асуудалд өртсөн монгол иргэн алга. Гэхдээ болгоомжтой байх нь илүүдэхгүй бизээ. Вирус Хятадаас тархсан гэх үзэл нөлөөлж байгаа” гэсэн байна.