СУРВАЛЖИЛГА: Усанд живж амиа алдсан Б.Бүрэнтөгс хүүг өчигдөр хөдөөлүүлжээ

СУРВАЛЖИЛГА: Усанд живж амиа алдсан Б.Бүрэнтөгс хүүг өчигдөр хөдөөлүүлжээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх тогтоол усанд дөрвийн дөрвөн сайхан хүү амиа алдаад хэдийн долоо хоног өнгөрчээ. Саяхан л биднийг цочирдуулж, томчуудаас, Хотын даргаас, хувийн хэвшлээс хариуцлага нэхэж байсан энэ тухай мэдээлэл өнөөдөр Сонгуулийн сурталчилгааны сүр дуулианд дарагдсан байна.

Дахин долоо хоновол дээрх харамсалтай хэргийг хүмүүс мартагнах нь. Угтаа бол эрх баригчид хийгээд томчууд бид хашир суун хариуцлагажиж, үр хүүхдүүдээ хамгаалан тэдэндээ илүү аюулгүй, эрүүл орчныг хамтран бүтээж өгөх ёстой юм.

-ХАН-ТАЛСТ КОМПАНИЙНХАН ОРШУУЛГЫН ЗАРДЛЫГ
ГАРГАСАН ГЭВ-

Яг энэ үед бид талийгаач хүү Б.Бүрэнтөгсийн гэрийг зорьж, очлоо. Хүүг өчигдөр өглөө /2020.06.03/ хөдөөлүүлжээ. Буяны ажил нь явагдаж буй учир хүүгийн гэрт ах дүү, хамаатан садан, найз нөхдийнх хөл тасрахгүй, бужигнаж байна.

Аав Д.Бүрэнбаяр нь эзгүй байсан учир биднийг талийгаач хүүгийн том эгч нь угтан авсан юм. Эгчийнх нь зүгээс “Бид хэвлэлд дахин хэзээ ч яриа өгөхгүй гэж шийдсэн. Хүнд сэдэв учир энэ талаар дахин ярихгүй. Аавын сэтгэл, санаа хүнд байна. Ухаан, санаа нь үймэрч, сэтгэл зүйн хувьд тогтворгүй байхдаа хэвлэлд ярьчихсан байна лээ” хэмээн ярилцахаас татгалзсан юм.

Тэрбээр хүнд үед өөрийг нь ойлгохыг нь биднээс хүссэн. Б.Бүрэнтөгс хүү гурван найзынхаа хамтаар живж амиа алдсан тогтоол устай газрыг эзэмшдэг “Хан талст” компанийн удирдлагууд ар гэрийнхэнтэй нь хэд, хэдэн удаа ирж уулзжээ. Мөн уржигдар буюу хүүг хөдөөлүүлэхийн өмнөх өдөр тус компанийн төлөөлөл дөрвөн ажилтан ирсэн байна. Компанийн зүгээс оршуулгын зардлыг бүрэн даасан гэдгийг эгч нь хэлж байлаа. Хүүгийн 49 хоногийг өнгөрсний дараа ар гэрийнхнийх нь зүгээс хууль, хяналтын байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Учир нь тус компанийн 100 хувь буруутай үйл ажиллагаанаас болж дөрвөн хүүхэд амиа алдсан учир тус байгууллагыг шүүхэд өгөх нь зүйтэй хэмээж байна гэв. Өнгөрсөн сарын 31-ны өдөр Улсын онцгой комиссын тэргүүн Ө.Энхтүвшин болон албаны хүмүүс гэрт нь очиж хүүгийн аав Д.Бүрэнбаяр гуайтай уулзан “Нийгмийн асуудлыг нь шийдвэрлэнэ” хэмээн хэлсэн.

Тиймээс тэднийг нийгмийн асуудлыг нь шийдвэрлэх болов уу гэсэн хүлээлт ар гэрийнхэнд нь байгаа хэмээн хүүгийн эгч хэлсэн юм. Төрийн зүгээс чухам яаж дэмжлэг үзүүлэх талаар тодорхой яриагүй билээ.

-1010 КАДР ЗУРАГ, ХӨӨСӨНЦӨРИЙГ ЭД МӨРИЙН БАРИМТААР БҮРТГЭН
АВЧ ШАЛГАЛТЫН АЖИЛЛАГААГ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БАЙНА-

Хөвгүүдийн задлан шинжилгээний хариу энэ сарын 02-ны өдөр гарсан бөгөөд шөрмөс татсаны улмаас хөдөлгөөн хийх боломжгүй болж живсэн гэсэн юм.

ХЭРГИЙГ САНУУЛБАЛ, тухайн өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд амьдардаг арван хүү Дэнжийн мянгын эцэс орчим цуглаж аваад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьсон байдаг. Хөвгүүдийн нэг нь өмнө нь цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдэх усанд очиж үзсэн, тэнд загас харсан талаараа найзууддаа хэлснээр бөөнөөрөө тус газрыг зорьсон нь энэ. Хөвгүүд тогтоол усанд барилгын пасадны хөөсөнцөр хөвүүлж өөрсдөө дээр нь хэвтэн тоглож байтал нэг нь живж бусад гурав нь аврахаар араас нь ороод эндсэн.

Уг тогтоол ус байрладаг газрыг “Хан талст” компани 2014 оноос хойш эзэмшиж байна. Тус тогтоол усыг цэвэр усаар сэлгэж загас, жараахай үржүүлсэн бөгөөд цаашид наран шарлагын амралтын зориулалтаар ашиглахаар төлөвлөж байсан юм. Хотын дарга С.Амарсайхан ч тус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж хэдэн сарын өмнө тус газарт өөрийн биеэр очин танилцаж байсан удаатай. Харин одоо зөвшөөрөлгүй барилгын ажил явуулж байсан. Удаа дараа шаардлага хүргүүлж, алдаа дутагдлаа засахыг шаардаж байсан гэх тайлбарыг тэрбээр хэлж буй. Харин компанийн зүгээс зөвшөөрөлтэй, ном журмынх нь дагуу ажил явуулж байсан гэх тайлбарыг хэлсэн.

Ямартай ч хүүхдүүд тоглох үеэр тус компанийн манаач хариуцлага алдсан нь хөдлөшгүй үнэн юм. Цагдаагийн ерөнхий газраас 101 кадр гэрэл зураг авч, хөөсөнцрийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажил явуулж байна. Хөвгүүдийн хувьд Нийслэлийн 39, 57, 61, 138 дугаар сургуулийн V-IX ангийн сурагчид байсан юм.




Өнөөдөр бар өдөр

7 цагийн өмнө