Цар тахлын үед сонгуулиа амжилттай зохион байгуулсан БНСУ-ын туршлага

Цар тахлын үед сонгуулиа амжилттай зохион байгуулсан БНСУ-ын туршлага

Маргааш 2020 оны УИХ-ын сонгууль болно. Төрийн эрх дээд байгууллагаа байгуулах энэ удаагийн үйл явц онцлогтой цаг, мөчтэй давхцаж байна. Тодруулбал, дэлхий даяараа цар тахалтай тэмцэж буй энэ үед Монгол улс Улсын Их Хурлын сонгуулиа зохион байгуулах нь. 

Тэгвэл БНСУ-ын томоохон хэвлэл “Korea Times” өнгөрсөн сард болсон парламентын сонгуулиа амжилттай зохион байгуулсан туршлагаа хуваалцжээ.

Энэхүү нийтлэлийг орчуулан хүргэж байна. 

-ОНЦГОЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ БАЙСАН ХЭДИЙ Ч ТУС УЛСЫН ТҮҮХЭН ДЭХЬ ХАМГИЙН ӨНДӨР ИРЦТЭЙ СОНГУУЛЬ БОЛЖЭЭ-

Өнгөрөгч дөрөв дүгээр сарын 15-ны өдөр БНСУ-ын парламентын сонгууль явагдаж дууссан. Ийнхүү дэлхий нийтээр цар тахалтай тэмцэж буй энэ үед БНСУ нь сонгуулиа амжилттай зохион байгуулсан анхдагч улс болсон юм. Сонгогчид халдвар тархахаас сэргийлэн саналаа өгөхөөс татгалзах магадлалтай гэж таамагласан ч урьд урьдынхаас идэвхтэй оролцсон төдийгүй 1987 онд одоогийн Үндсэн хуулиа баталснаас хойших хамгийн их ирцтэй сонгууль болсон юм.

БНСУ-д нэгдүгээр сарын 20-нд коронавирусын анхны тохиолдол бүртгэгдэж, улмаар хурдацтай тархан 9661-д хүрсэн.  10,560 хүн вирусаар халдварласан ч 7500 хүн эдгэрсэн нь хямралын үед оновчтой, шуурхай шийдвэр гаргасан хэмээн тус улсын Засгийн газар ард иргэдийн сайшаалыг хүртээд буй.

БНСУ дөрвөн жил тутамд Үндэсний ассамблейн 300 гишүүнийг сонгодог ба энэ жилийн сонгуулийн тухайд хамгийн өндөр ирцтэй буюу 11,8 сая хүн буюу 66,2 хувийн ирцтэй оролцсон. Харин халдвараас үүдэн 60 мянган хүн тусгаарлалтад байсны 22,8 хувь нь буюу 13,642 хүн саналаа өгсөн байна.

-ТУС УЛС СОНГУУЛЬД ОРОЛЦОГЧДОО АМНЫ ХААЛТ, ГАР АРИУТГАГЧ, НЭГ УДААГИЙН БЭЭЛИЙГЭЭР БҮРЭН ХАНГАЖЭЭ-

Сонгуулийн өдөр буюу дөрөв дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар коронавирусын  10,600 тохиолдол бүртгэгдсэн ба 220 хүн нас барсан үзүүлэлттэй байсан юм.

Улс орон даяар нийт 14 мянган санал хураах байранд ажилласан хүмүүс амны хаалт, нэг удаагийн бээлий, хамгаалалтын хувцсаар бүрэн тоноглогдсон ба саналаа өгөхөөр ирж буй хүн бүрийн халууныг шалган оруулж байв. Үндсэндээ ковидын цар тахлын үед вирус тархах эрсдлээс хамгаалан, улс төрийн сонгуулийг зохион байгуулах нь ард иргэдийн хариуцлага, ухамсраас зуун хувь шалтгаалах асуудал хэмээн тус улсын Ерөнхийлөгч мэдээлсэн юм

БНСУ ковидын үед улс төрийн сонгууль амжилттай зохион байгуулснаараа бусад улсуудад үлгэрлэл болсон. Ялангуяа вирусын тархалтаар тэргүүлээд буй ч ирэх арван нэгэн сард ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах гэж буй АНУ-д Солонгосын жишээ нь чухал нөлөө үзүүлсэн юм. Биеэр очиж саналаа өгөх нь олон хүн цугларч, вирус тархах эрсдэл өндөртэй боловч санал хураах байрны гадаа дугаарлахдаа нэг метрээс багагүй зайнд зогсохыг заасан стикер байрлуулсан байлаа.

-ТУСГААРЛАЛТАНД БАЙСАН ХҮМҮҮС Ч СОНГУУЛЬДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦЖЭЭ-

Тусгаарлалтад байгаа хүмүүсийг оройны 05:20-д гэрээс нь очиж аван, 06 цаг буюу бусад хүмүүс саналаа өгч дууссаны дараа санал өгөх байранд ирж, 07 цагт гэрт нь буцааж хүргэж өгөх үе шаттайгаар зохион байгуулжээ. 

Харин ковидын өвчтөнүүдийн саналыг авахдаа эмнэлгийнх нь гадаа санал хураах байр байгуулан ажилласан байна. Аюултай вирусын үед сонгуулийг зөв зохион байгуулалттайгаар амжилттай зохион байгуулсан гэж ард иргэд үзжээ

Амны хаалт, бээлий, гар ариутгагчаар тоноглогдсон ч бусад сонгуулиас ялгаагүй болсон хэмээн ард иргэд хэлж байв.

Гэр бүлээрээ саналаа өгөхөөр ирсэн хүмүүс байсан ч тэжээвэр амьтнаа дагуулан ирсэн нэгэн ч байв. Эндээс тус улсын ард түмэн төр засагтаа итгэл хүлээлгэсэн, улс төрийн идэвхтэй болохыг харж болно.

Нөхөр, хүүхдийн хамтаар саналаа өгөхөөр ирсэн 36 настай бүсгүй Ким Юү Жин “Засгийн газар нөхцөл байдлыг ухамсарлан, маш сайн бэлтгэжээ. Манай улсын тухайд хөл хориог сайтар дагаж мөрдөж байгаа, хүн бүр дор бүрнээ анхааралтай байж, нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаад баяртай байна” хэмээсэн байна.




Өнөөдөр тахиа өдөр

2 цагийн өмнө