Д.Очирхуяг: Сөрөг сэтгэгдэл бичсэн хүмүүсийн дийлэнх нь илүүдэл жинтэй хүмүүс байсан

Д.Очирхуяг: Сөрөг сэтгэгдэл бичсэн хүмүүсийн дийлэнх нь илүүдэл жинтэй хүмүүс байсан

Өглөөний 6 цаг 30 минут. Их хотын хөдөлгөөн эхлэхтэй зэрэгцэн Сүхбаатарын талбайн урд, замын цагдаагийн "түүмпэн" /цагдаа хөдөлгөөн зохицуулахдаа гарч зогсдог индэр/ дээр богино өмд, майк өмссөн булчинлаг залуу гарч зогсон “фитнесс хөдөлгөөн” хийсэн нь хэн бүхний анхаарлыг татаж байв. Түүний зураг олон нийтийн сүлжээгээр тархаж зарим нэг нь “Фитнесс бараа рекламдсан”, “Согтуу, эрүүл биш байна” гэж элдвээр гоочилж байсан бол зарим нь эерэгээр хүлээн авч түүн шиг биетэй болмоор байна” гэж байсан юм. Тэгвэл бид сошиалд “од” болоод буй зургийн гол “баатар” Д.Очирхуягтай холбогдон яагаад тэнд зогсож зургаа авахуулах болсон талаар сонирхолтой яриа өрнүүлээд амжлаа.

Түүнийг Д.Очирхуяг гэдэг. 32 настай фитнесийн багш. Гурван настайгаасаа хойш Польш улсад 20 жил амьдарч, биеийн тамирын багш мэргэжлээр их сургуулиа төгсжээ. Сургуулиа төгсөөд Монголдоо ирж фитнесийн багш, дасгалжуулагчаар ажиллах болсон байна.

Анх хөл бөмбөгийн тамирчин болох мөрөөдөлтэй байсан ч бэлтгэлийн үед гэмтэл авсны улмаас дахин тоглохоо больжээ. Шөрмөс нь тасарч хагалгаанд орсны дараа түүнийг эмч фитнессээр хичээллэхийг зөвлөснөөс хойш сүүлийн 9 жил тасралтгүй хичээллэж байгаа юм.

-Сайн байна уу. Таны төв талбайн урд замын цагдаагийн постон дээр фитнес хувцастай зогсож буй зураг олон нийтийн сүлжээнд тараад байгаа. Яагаад замын голд тийм хувцастай зураг авахуулах болов?

-Сайн. Сайн байна уу. Тухайн өдөр би зураг авалтад орж байсан юм. Би өөрөө уургийн компаны нүүр царайгаар ажиллаж байгаа юм л даа. Манайхан тэр үед залуучуудад урам зориг, мотиваци өгөх зорилготойгоо видео хийж байсан. Тэгээд л гэнэт гоё зурагтай болмоор санагдаад тэнд зогсоод зургаа даруулсан юм. Тэгтэл тэрүүгээр явж байсан хүмүүс зургийг маань дараад олон нийтийн сүлжээнд тавьчихсан байсан.

-Тэрний дараа цагдаа ирээд таныг саатуулж байгаа зураг бас цацагдсан байсан?

-Тийм ээ. Цагдаа ирээд “Энд яагаад зураг даруулж байгаа юм. Согтуу байгаа юм уу” гэсэн. Би тэнд зураг даруулж болдоггүйг мэдээгүй. Өглөө эрт хүн багатай байсан болохоор гялс зураг даруулчихъя гэж бодсон юм. Гэтэл эсрэгээрээ олон хүнд хүрчихсэн.

-Би зураг авалтад орж байсан. Би өөрөө уургийн компаний нүүр царай хийдэг. Тэр үед бид нар залуучуудад зориулсан мотиваци бичлэг хийж байсан юм. Залуучуудыг биеэ гоё эрүүл, чийрэг байлгахыг уриалсан. Би өөрөө тэр зураг авалтад орж байсан болохоор тэнд гоё зураг авахуулмаар санагдсан. Өглөөний 06 цаг 30 минут.

-Хүмүүс янз бүрээр л хүлээж авч байгаа харагдсан.Танд эерэг, сөрөг сэтгэгдлүүд хэр ирж байна?

-Ихэнх хүмүүс дэмжсэн байсан. Ялангуяа фитнессээр хичээллэдэг залуучууд дэмжиж эерэгээр хүлээж авсан. “Тань шиг биетэй болмоор байна” гээд асуулт асуух хүмүүс ч их байсан. Харин зарим хүмүүс “Согтуу юм уу. Архи уучихсан юм уу” гээд их шейрлэж байсан. Гэхдээ сөрөг сэтгэгдэл бичсэн хүмүүс нэг бол зураггүй, хуурамч хаяг, үгүй бол илүүдэл жинтэй залуучууд л байсан.

-Таны зураг, бичлэг сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр их тархаж байгаа. Ер нь гэр бүлийн тань хүн хэрхэн хүлээж авдаг вэ?

-Эхнэр маань миний бүхий л зүйлийг дэмжиж, эерэгээр хүлээж авдаг. Би архи ууж, шоу цэнгээн хөөж яваагүй. Харин эрүүл мэнддээ анхаарч, хүмүүст эерэг мессэж, мотиваци өгөхөөр зүтгэж яваа болохоор эхнэр маань маш сайн ойлгодог.