Н.Түвшинбаяр олимпийн аварга болсон энэ өдрөө МҮОХ-ны Ерөнхийлөгч болох уу

Н.Түвшинбаяр олимпийн аварга болсон энэ өдрөө МҮОХ-ны Ерөнхийлөгч болох уу

Энэ сарын 5-ны өдөр Монголын Үндэсний Олимпийн Хорооны /МҮОХ/ хараат бус, бие даасан сонгуулийн комисс хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарласан. Улмаар МҮОХ-ны Ерөнхийлөгчид Олимпийн аварга Н.Түвшинбаяр сонгогдохоор ганцаараа нэр дэвшсэн юм.

Тэгвэл Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр зохион байгуулагдах бөгөөд тус хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдах аж.

Дашрамд дурдахад 2008 оны энэ өдөр Олимпийн аварга Н.Түвшинбаяр “Бээжин-2008” зуны олимпын наадмын жүдо бөхийн -100 кг-д алтан медалт хүртэж, Монгол Улсын анхны олимпын аварга болж түүхэнд бичигдэх үйл явдал болж байсан. Олимпийн Хорооны Ерөнхийлөгчийн албан тушаалд тэрээр ганцаараа нэр дэвшсэн тул сонгогдох магадлал өндөр. Хэрэв Монголын үндэсний олимпийн хорооны дүрмийн 14.4.5-д зааснаар Ерөнхийлөгчид нэр дэвшигч нийт саналын 50-иас дээш хувийг авбал тэрээр Олимпийн аварга болсон тэмдэглэлт өдрөө МҮОХ-ны Ерөнхийлөгч болох юм. Харин МҮОХ-ны дэд ерөнхийлөгчид Ц.Бат-Энх, Ч.Наранбаатар, Ж.Отгонцагаан, Г.Пүрэв-Очир нар нэр дэвшжээ.