МҮИС-ийн зөвшөөрөлгүй барилгын ажлыг албадан зогсоожээ

МҮИС-ийн зөвшөөрөлгүй барилгын ажлыг албадан зогсоожээ

Монголын Үндэсний их сургууль (МҮИС) эзэмшил газраа хэтрүүлэн ашиглаж, зэргэлдээ орших Эх, хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн газарт зөвшөөрөлгүй газар доорх гарааж барьж байсныг нийслэлээс өчигдөр орой албадан зогсоожээ.

МҮИС нь барилга барих зөвшөөрөлгүйгээр 2204 м талбайд барилга барьж, хоёр давхар болгож өргөтгөсөн юм. Иймд НЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал сургуулийн удирдлагад хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахыг сануулан барилгын ажлыг албадан зогсоолоо.

МҮИС нь ЭХЭМҮТ-ийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй барилга барих, орц гарц хийх зэргээр хууль бусаар удаа дараа халдаж иржээ. Энэ талаар эмнэлгийн удирдлага болон ажилтнууд эсэргүүцэн, нийслэлд хандсан байна. Үүний дагуу нийслэлийн холбогдох албаныхан ЭХЭМҮТ-д очин нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, улмаар зөвшөөрөлгүй барилга барьж буй явдлыг шалгах ажлын баг байгуулан ажиллажээ.