Осол гарсан “Бэрхийн уурхай”-д музей байгуулахаар 5 тэрбум төгрөг төсөвлөжээ

Осол гарсан “Бэрхийн уурхай”-д музей байгуулахаар 5 тэрбум төгрөг төсөвлөжээ

Дэлхий нийтээрээ цар тахлын аюулд нэрвэгдээд буй энэ үед улс орнуудын эдийн засаг хямарч, санхүү төсөв тоногдов. Харин манай улсын хувьд тэрбум, тэрбумаар баригдах усан оргилуур, барилга хөшөөний цуваа дуусахгүй байна.

Тухайлбал, Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн асуудлаар эхэлсэн иргэдийн бухимдал Хэнтий аймагт баригдаж буй "Андлалын хөшөөгөөр" үргэлжлэн намдах шинжгүй байгаа энэ цаг үед нүдээ олоогүй төсөв, хуваарилалтууд шил шилээ даган гарсаар байна.

Харин Хэнтий аймгийн Батноров суманд байрлах “Бэрхийн уурхай”-н талаар музей байгуулахад дахин 5 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Энэ сарын 8-ны өдөр “Монголын далд уурхайн музей, сургалт, судалгаа аялал жуулчлалын төв” гэсэн нэрээр цахим тендер зарлан өнгөрсөн Даваа гаригт хугацаа нь дууссан байна.

Эх сурвалж: Tender.gov.mn

Харин тус газар өнгөрсөн Бямба гаригт уул уурхайн ноцтой осол гарч эрдэнэт хүний амь бие эрсэдсэн билээ. Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгонд иргэн А-гийн жоншны олборлолтын ”Идэрмэг-Өсөх” нөхөрлөлийн уурхайн 50 метрийн гүнд 2 хүн нурангид дарагдсан тухай дуудлагыг 2020.08.14-ний өдрийн 13:00 цагт ОБЕГ хүлээн авч, 48 цагийн турш ажиллан нэг хүнийг эсэн мэнд гаргасан бол нөгөө иргэнийг амь насаа олдсон байхад нь уурхайн гүнээс олсон юм.

Энэ цаг үед Соёлын төв, хөшөө дурсгал, угтах хаалга зэрэг иргэдийн нийтийн эрх ашгийн хувьд онц ач холбогдолгүй төсвийг хамгийн эхэнд танах ёстой ч эсрэгээр хамгийн их төсөв зардлыг энэ мэтчилэн зарцуулсаар байна. Гэтэл хичээл сургууль орох цаг хаяанд тулж боловсролын зээлээр суралцдаг оюутнуудын эхний семистэрийн төлбөрийг төсвийн тодотгол хийсний дараа олгоно гэж шийдчихээд сууж буй албан тушаалтнуудыг яалтай. Тэдний энэ бодлогогүй шийдвэрийн цаана хэдэн эцэг эх төлбөр олох гэж сандран, хэдэн оюутан цаг хугацаагаар хохирох бол?

Хүлээлтдээ хүрээгүй хөшөө дурсгалаас илүүтэй иргэд бидэнд хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ авах эмнэлэг, хүүхдүүдэд аюулгүй тоглох талбай, ирээдүй хойчид маань сурч боловсрох сургууль хэрэгтэй байгааг эрхэм түшээдүүд хэзээ ухаарах вэ?