Н.Төгсцогт: Босоо бичиг шигээ босоо хийморьтой тулалдахыг хичээх болно

Н.Төгсцогт: Босоо бичиг шигээ босоо хийморьтой тулалдахыг хичээх болно

Монгол Улсын гавьяат тамирчин, Олимп, Дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт ээлжит тулаанаа энэ сарын 19-нд буюу ирэх долоо хоногийн Бямба гарагт Мексикийн боксчин Эдуардо Рамирезтай хийх тов гараад буй.

Тэрээр энэ удаагийн тоглолтондоо “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн логотой өмсгөлтэй тоглох бөгөөд өмсгөл дээрээ “Монгол үндэстэн, монгол хэл, бичиг үүрд” хэмээн бичүүлжээ.

Өнөөдөр өөрийн нүүр хуудсандаа “Тулаан эхлэхэд яг долоо хоног үлдлээ. Үндсэн бэлтгэлээ дууслаа. Маргааш шинэ оргил руу тэмүүлэхээр зорино.  Монгол хүний арга ухаан, хүч чадлыг харуулж , босоо бичиг шигээ босоо хийморьтой тулалдахыг бүх талаараа хичээх болно” гэж нийтэлжээ.

Н.Төгсцогтын хувьд мэргэжлийн боксын рингэнээ 12 тулаан хийн 11 ялж, нэг ялагдсан үзүүлэлттэй байна. Тэрээр хамгийн сүүлд буюу энэ оны хоёрдугаар сарын 8-нд Гари Рассел Жуниортой тулалдан мэргэжлийн боксын замналдаа анхны ялагдлаа хүлээсэн юм.  Харин Н.Төгсцогтын энэ удаагийн өрсөлдөгч Эдуардр Рамирез одоогийн байдлаар нийт 28 тулаан хийн 23 ялж, хоёр ялагдаж, гурав тэнцсэн үзүүлэлттэй аж. Мөн саяхан WBC боксчдын шинэ чансааг зарлахад 57.2 кг жингийн чансааг “King Tug” буюу Н.Төгсцогт манлайлж байгаа гэх мэдээлэл гараад буй.