С.Амарсайхан Налайхын иргэдэд шахмал түлшний үйлдвэр үзүүлж, МАН-ыг дэмжихийг уриалжээ

С.Амарсайхан Налайхын иргэдэд шахмал түлшний үйлдвэр үзүүлж, МАН-ыг дэмжихийг уриалжээ

Ирэх сарын 15-ны өдөр болох Орон нутгийн сонгуулийн НИТХ-ын сонгуульд эрх баригч МАН эртнээс бэлтгэн гишүүд нь сонгогдсон тойрогтоо ажиллах, иргэдтэй уулзалт хийх зэргээр идэвхжиж эхэлжээ. 

Тухайлбал, хотын дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайхан энэ сарын 14-ны өдөр /2020.09.14/ өөрийн сонгогдсон Налайх дүүрэгт ажиллаж, тойргийн сонгогчдийг сайжруулсан шахмал түлшний шинэ үйлдвэртэй танилцуулахын далимд уулзалт хийсэн байна. Уг уулзалтад Налайх дүүргийн хороо бүрээс 90 хүн авчрах ажлыг тус дүүргийн МАН болоод Засаг даргын тамгын газар, хороон дарга нар зохион байгуулжээ. Ингэхдээ иргэдийг Налайх дүүргийн Тамгын газрын урд цуглуулан автобусаар зөөсөн байна. 

Улмаар дээрх иргэдийг “Сайжруулсан түлш”-ийн шинэ үйлдвэрээр дагуулан явж “МАН ийм сайхан үйлдвэртэй болгож байна. Тэгэхээр МАН-ыг үргэлжлүүлэн орон нутгийн сонгуульд дэмжээрэй” гэх утга бүхий яриаг ярьжээ. 

Налайх дүүргийн хувьд иргэд нь түүхий нүүрс хэрэглэдэг учраас утаа ихтэй өвөлждөг. Тиймээс Засгийн газрын шийдвэрээр Налайх дүүрэгт Зүүн бүсийг сайжруулсан шахмал түлшээр хангах үйлдвэрийг барьж ирэх арван нэгдүгээр сард ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа юм. Үйлдвэрийн барилгын ажил болон тоног төхөөрөмжийн суурилуулалтын бэлэн байдлыг хангах, ажилчдыг бэлтгэх, дэд бүтцээ татах зэргийг бэлэн болгосон гэдэг. 

Налайх дүүргийн ИТХ-д МАН-аас өрсөлдөх нэр дэвшигчдийн ярих гол сэдэв нь шинээр баригдсан сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байх бололтой. Тиймээс ч С.Амарсайхан орон нутгийн сонгуулийн сурталчилгааны суурийг нь тавьж Налайхын үйлдвэрт ажилласан байж болзошгүй байна. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө