Б.Дашдондог: "The HU" хамтлагийг наадмын нээлтэд тоглохыг урьсан ч ОРОЛЦОЖ ЧАДАХГҮЙ

Б.Дашдондог: "The HU" хамтлагийг наадмын нээлтэд тоглохыг урьсан ч ОРОЛЦОЖ ЧАДАХГҮЙ

“The HU" хамтлагийн залуус европын орнуудад хийсэн аялан тоглолтоо дуусган, энэ сарын 08-ны өдөр /2019.07.08/ эх орондоо ирсэн. Тус хамтлагийг Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцоно, оролцохгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад байна. Тодруулбал, “THE HU” хамтлагийн зүгээс наадам зохион байгуулагчдад хандан нээлтийн тоглолтод оролцох санал тавьсан ч оролцуулаагүй гэх мэдээлэл байгаа юм.

Энэ талаар бид “The HU” хамтлагийн продюсер Б.Дашдондогтой холбогдон тодрууллаа.

-“The HU” хамтлагийн зүгээс Үндэсний их баяр наадмын нээлтийн тоглолтод оролцох хүсэлт тавьсан ч оролцуулаагүй гэх мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгнө үү?

-Наадмын нээлтийн тоглолтод оролцох саналыг "The HU" хамтлагт тавьсан ч гэрээтэй ажиллаж буй АНУ-ын компани нь зөвшөөрөхгүй байгаа юм. Тоглох, тоглохгүйг АНУ-ын компани л шийддэг, бид мэддэггүй юм. Зохион байгуулагчдын зүгээс бидэнд санал ирүүлсэн. Ирэх жилийн наадмын нээлтэд оролцож болох л байх. Энэ жил бодлогын чанартай ажлууд хийгдэж буй учир дур мэдэн тоглолтод оролцох боломжгүй.

-Одоо танай хамтлагийн залуус хаагуур байгаа вэ. Амарч байна уу?

-Европын орнуудаар нэг сарын туршид явж аялан тоглолт хийгээд ирсэн учир их ядарсан. Залуус маань хөдөө явцгааж байгаа. Зарим нь хөдөө гэр рүү гээ явсан.

-"The HU" хамтлагийн ахлагч Ц.Галбадрахыг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнах шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна. Та бүхэн мэдсэн үү? 

-Мэдээгүй юм байна. Сайхан мэдээ байна. Баярлалаа.