ШУТИС-д 4.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий сургалтын тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

ШУТИС-д 4.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий сургалтын тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1,000 инженер төслийн зүгээс Шинжлэх ухаан, технологийн их сургуульд 4.2 тэрбум төгрөгийн сургалтын тоног төхөөрөмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Үүнд нийт 64 нэр төрлийн 168 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл багтжээ.

Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн сургалт, судалгааны орчныг сайжруулж, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нээлттэй лабораториудыг байгуулан туршилт судалгааг олон улсын түвшинд хийх, багш, судлаачдын сургалт, судалгааны чадавхыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг төслийн зүгээс үе шаттай хэрэгжүүлж буй аж.

Энэ хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хэрэгцээ шаардлагад үндэслэн салбар 4 сургуулийн 15 лабораторид нийт 4.1 сая ам.доллар буюу 11.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 107 нэр төрлийн 1,434 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг 2019 онд багтаан нийлүүлсэн тухай БШУЯ-наас мэдээллээ.