З.Энхболд: УИХ-ын гишүүдийн тоо 108 болж, таван жилээр сонгох санал хүргүүлж байна

З.Энхболд: УИХ-ын гишүүдийн тоо 108 болж, таван жилээр сонгох санал хүргүүлж байна

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах саналаа УИХ-д өргөн барилаа. 

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийлээ. Ерөнхийлөгч долоон байгууллагаас санал авах ёстой бөгөөд бүгдээс нь санал ирсэн гэдгийг Тамгын газрын дарга З.Энхболд хэлэв. Яг одоо Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож өөрийнхөө гаргасан саналыг талаар мэдээлэл өгч байна. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Хот гэдэг үг Үндсэн хуульд байхгүй. Байгаа болов ч аймаг гэх статустай зэрэгцэх хэмжээнд ойлгогддоггүй. Тиймээс аймагтай ижил төвшинд ойлгогдох хот гэх үгийн ойлголтыг шаардлагатай бүх газар нь тусгаж байгаа. Өөрөөр хэлбэл аймаг, нийслэл, сум, дүүрэг гэдэг дээр аймаг, нийслэл, хот, сум, дүүрэг гэж нэмж өгсөн. Ингэснээр гурван зуу гаруй мянган хүн амтай Баянзүрх дүүрэг цаашид аймгийн хэмжээний хот болж болно. Аймгийн төвшний засаг захиргааны нэгж боллоо гэсэн үг.  Хот гэдэг үг орсонтой холбоотойгоор дүүргүүд хот болж, дүүргийн доод талын хороод дүүрэг гэдэг нэртэй болоод Засаг даргаа сонгодог байна. Сум болон дүүргийн Засаг даргыг сонгодог болно. УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож байгаа. Сонгуулийн тогтолцоог нэг мандаттай 54 тойрог болон намын жагсаалтаар ордог хоёр системийг нийлүүлсэн. Ийм системээр Герман улс сонгуулиа явуулдаг. Мөн тусгаар тогтнолын асуудлаар дахин санал асуулга явуулахгүй гэдэг хаалт хийж өгч байгаа. Харин Засгийн газрын хувьд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах одоогийн төсөлд тусгасан дөрвөн гишүүн давхар дээлтэй байх талаар Ерөнхийлөгч санал нийлэхгүй байгаа. Ерөнхий сайдаас бусад Засгийн газрын бүх гишүүн дан дээлтэй буюу УИХ-аас хамааралгүй байхаар хуульд тусгаж, саналаа боловсруулсан. ” гэв.

 Тэрээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Байгалийн баялагтай холбоотой ямар заалт орсон бэ?

-Байгалийн баялаг төрийн өмч гэсэн өөрчлөлттэй Ерөнхийлөгч санал нийлэхгүй байгаа. Төрийн өмч гэдэг үгийг нийтийн өмч гэдэг үгээр сольж байгаа. Мөн нэлээд дэлгэрэнгүй заалт оруулсан. Байгалийн баялаг бол өнөөдрийн монголчуудын өмч, ирээдүйн монголчуудын өмч. Тэгэхээр шийдвэрийг гаргахдаа заавал  ард түмнээс асуудаг байна гэсэн өөрчлөлтийг оруулсан.

-Гишүүдийн тоо нэмэгдсэнээр нэг танхим нь хэвээрээ байх уу?

-Нэг танхим хэвээрээ байна. “Гишүүдийн тоо нэмэгдсэнээр зардал нэмэгдэнэ. 76-аа тэжээж чадахгүй байж юун 108 болгох” гэсэн яриа байгаа. Гэхдээ энэ эсрэгээрээ байгаа. 1992 онд Үндсэн хууль батлахад хоёр сая хүн амтай байсан. Одоо гурван сая гараад явчихлаа. Тэгэхээр 114 гишүүтэй байх юм. Тиймээс Ерөнхийлөгч 108 болгоод газар нутгийн төлөөллийг заавал оруулна гэж байгаа юм. УИХ-ын хугацаа таван жил болж байгаа учраас Засгийн газар, Иргэдийн хурлын хугацаа ч мөн адил болж байгаа.

-Хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байгаа. Тэгэхээр Ерөнхийлөгчийн саналыг хэрхэн хэлэлцэх вэ?

-Одоо хоёрдугаар хэлэлцүүлэг дээрээ яваа. Хоёрдугаар хэлэлцүүлэг дуусаагүй байгаа учраас Ерөнхийлөгчийн саналыг хоёрдугаар хэлэлцүүлэг дээрээ хэлэлцээд дэмжих бол аваад дэмжихгүй бол хаяад явна. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх Журмын тухай хуульд өөр төсөл өргөн баригдах, санал ирвэл харгалзсан үзэж хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан. Тиймээс Ерөнхийлөгчийн саналыг, төслийг харгалзан үзээд гарах хуулийн боломж байгаа гэсэн үг.