ГЭРЧ: Шаардлага тавьсан харуулыг зодож, биед нь гэмтэл учруулсан

ГЭРЧ: Шаардлага тавьсан харуулыг зодож, биед нь гэмтэл учруулсан

Энэ сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах “Тайм Тауэр” /Time Tower/ хотхонд ажил үүргээ гүйцэтгэж явсан харуулыг согтуу этгээд зодож, танхайрсан хэрэг гарчээ. Цахим сүлжээнд болсон үйл явдлын талаарх хяналтын камерын бичлэг цацагдсан бөгөөд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, иргэд “цагдаагийн албан хаагчийг зодсон байна” гэж тайлбарласан юм. Бид энэ талаар хэргийн газар байсан гэрчээс тодрууллаа. 

-Цахим сүлжээнд тавигдсан бичлэгийг зарим хүн “цагдаагийн албан хаагч зодуулж байна” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байсан. Тухайн үед яг юу болсон юм бол?

-Цагдаагийн албан хаагч биш. Манай байрны харуул байсан юм. Тухайн айлд хэсэг залуус байсан. Маш их дуу чимээ гаргаж, орилолдон чанга хөгжим тавьж байсан болохоор хөршүүд нь харуулд гомдол мэдүүлсэн юм. Эхний удаа очиход хаалгаа тайлж өгөөгүй харин дуу чимээ намжсан тул буцаад явсан. Гэтэл удалгүй дахиад л айлууд нь гомдол мэдүүлсэн. Хоёр дахь удаагаа очиж шаардлага тавихад эхэндээ түлхэж, дараа нь цохиж эхэлсэн.

-Хөл хорионы өдрүүдэд архи согтууруулах ундааны зүйл худалдаалахыг хориглосон шүү. Тухайн залуус согтуу байсан уу. Хэдэн хүн байсан юм бол? 

-Тийм. Нэлээд согтуу байсан. 20 орчим насны нийт дөрвөн хүн байсан. Тухайн айлд гурван охин, нэг залуу нь ирсэн юм байна лээ. Охид нь бол согтуу биш байсан.

-Харуулын ажилтан хэр бэртсэн бэ. 

-Тархи нь хөдөлж, гар нь нэлээд хавдчихсан байсан. Дараа өдөр нь ажилдаа ирж чадаагүй. 

-Болсон явдлын дараа цагдаа дуудсан уу? 

-Дуудсан. Цагдаа нар ирээд хаалгыг нь тогшиход тайлж өгөөгүй, нэлээн байж байгаад буцаад явсан. Маргааш өдөр нь бас ирсэн.  Зодсон залуу нь эрүүл болчихсон учраас авч явахгүй шүү дээ. Хохирогч гомдол гаргасан. Одоо цагдаагийн албан хаагчид мэдүүлэг авч байгаа байх. 

-Мэдээлэл өгсөнд баярлалаа. 




Улаанбаатарт 17 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ