Сураггүй алга болсон 55 зорчигчтой Индонезийн онгоц далайд осолдсон байх магадлалтай байна

2021-01-10 17:02

Осолдсон онгоцонд зорчиж явсан иргэдийн эд зүйл далайгаас олдож эхэлжээ

Өчигдөр /2021.01.09/ Индонезийн нийслэл Жакартагаас хөөрсөн Боинг 737 онгоц далайд унасан байх өндөр магадлалтай байгаа талаар бид мэдээлсэн билээ. Орон нутгийн цагдаа нар онгоцонд 55 хүн зорчиж явсан гэж мэдээлж байсан бол өнөөдөр 62 хүн байсныг тогтоосон байна. Эрлийн үйл ажиллагааг өнөөдөр дахин эхлүүлсэн бөгөөд онгоцны унасан байршил хийгээд хар хайрцгийг тогтоожээ.

Тодруулбал, өнөөдөр өглөө онгоцноос дохио ирсэн бөгөөд үүний дагуу мөрдлөг хийж, одоо 10 гаруй хөлөг онгоц усан цэргийн шумбагчидтай эрэн хайх үйл ажиллагааг явуулж байгаа аж.

Үүнээс гадна хүмүүсийн ачаа тээш, хувцас хэрэглэл далайн гадарга дээр хөвж гарч ирсэн байна. Мөн мөрдөн байцаагчид нисэх онгоцны сэг байсан гэж үзэж буй эд зүйл, дугуй, онгоцны их биеийн хэсэг байх магадлалтай зүйлсэд шинжилгээ хийж эхэлжээ.

Эх сурвалж: BBC

2021-01-10 10:03

Сураггүй алга болсон 55 зорчигчтой Индонезийн онгоц далайд осолдсон байх магадлалтай байна

Индонезын иргэний нислэгийн “Sriwijaya Air Boeing 737” нисэх  онгоц өчигдөр /2021.01.09/ нийслэл Жакартагаас хөөрснөөс дөрвөн минутын дараа 10 мянга фут өндрөө аваад нэг минут ч  бололгүй холбоо тасарч, сураггүй болсон юм. Тэгвэл тус онгоцыг далайд осолдсон байх өндөр магадлалтай байна хэмээн Индонезийн Үндэсний тээврийн аюулгүй байдлын хорооны дарга Сурянто Кахёно мэдээллээ. Онгоц 130 хүний суудалтай бөгөөд долоон хүүхэд, гурван нярай багтсан 50 гаруй хүн зорчиж байжээ.

Онгоцыг далайд унасныг ойролцоох арлын хэд хэдэн оршин суугч харсан гэж мэдүүлсэн байна. Нэг гэрч “Онгоц далайд аянга шиг унасныхаа дараа дэлбэрсэн” гэжээ. Мөн онгоцны хэлтэрхий байх магадлалтай зүйлс далайд хөвснийг олсон аж.

Одоогоор Индонезийн тэнгисийн цэргийн хүчин эрлийн ажилд таван байлдааны хөлөг онгоц, шумбагч цэргүүдтэй ажиллаж байна. 

Цагдаагийн офицерууд загасчдын олсон онгоцны хэлтэрхий байж болзошгүй зүйлсийг барьж буй нь

Тус онгоц Баруун Калимантан мужийн Понтианакийн чиглэлд ниссэн бөгөөд зарим зорчигчийн гэр бүл, хамаатан садан нь одоог хүртэл нисэх буудал дээр залбиран хүлээж байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд бичжээ.

Зорчигчдын ар гэрийнхэн нь нисэх буудалд

“Sriwijaya Air” нь 2003 онд байгуулагдсан Индонез болон Зүүн Өмнөд Азийн орнуудын чиглэлд нисдэг үйлддэг орон нутгийн төсөвт агаарын тээврийн компани юм. Харин осолдсон онгоц нь үйлдвэрлэгдээд 26 жил болжээ.

Хачирхалтай нь тус онгоц сураггүй алга болсон газартай тун ойролцоо газарт 2018 онд өөр нэгэн компанийн онгоц осолдож олон хүн амиа алдаж байсан юм. Тодруулбал, Индонезийн “Lion Air” компанийн нисэх онгоц хотоос хөөрснөөс хойш 12 минутын дараа далайд живж 189 хүн амиа алдаж байсан. Тухайн үед ослын шалтгааныг онгоцонд үүссэн хэд хэдэн эвдрэл бас нисгэгчдийн алдаа байсан хэмээн дүгнэсэн байдаг.

Эх сурвалж: BBC

 

 




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө