Хойд эцгийн гарт тарчилсан хүүгийн ээж “Би хүүгээ зодсон юм” гэж нөхрөө өмгөөлжээ

Хойд эцгийн гарт тарчилсан хүүгийн ээж “Би хүүгээ зодсон юм” гэж нөхрөө өмгөөлжээ

Олон нийтийг цочирдуулсан хүүхдийн хүчирхийллийн гэмт хэргүүд  ар, араасаа гарч одоог хүртэл намжаагүй байтал дахин нэг харамсалтай хэрэг Төв аймагт гарсан байна.

Тодруулбал, тус аймгийн Зүүн дэлгэр багийн нутагт амьдардаг найман настай хүүг хойд эцэг нь дөрвөн сарын турш харгис, хэрцгийгээр зодож байсан тухай мэдээллийг SBN телевиз анх олон нийтэд мэдээлэв. Уг хэргийг манай сайт үргэлжлүүлэн сурвалжилж, албаны болон бусад хүмүүсийн мэдээллээр баталгаажууллаа.

-ХҮҮГ ӨДӨР БҮР СУРАН ТЭЛЭЭГЭЭР ЗОДОЖ, БООМИЛЖ, ХҮЙТЭН ГЭРТ ХООЛГҮЙ ХОНУУЛДАГ БАЙСАН-

Зүүн дэлгэр баг нь аймгийн төвөөсөө алсмагдмал Налайх руу явдаг замд байрладаг жижиг суурин юм. 2020 оны намар ээж нь хүүг дагуулан хойд эцэгтэй нь нийлж, нэг гэрт амьдрах болжээ. Хүү нэг охин дүүтэй аж. Дүү нь төрсөн аавтэй нь амьдардаг гэх албан бус мэдээлэл байна.

Хүүгийн аав, ээж хоёр 2020 оны есдүгээр сард салжээ. Түүнээс хойш төрсөн аав нь хөдөө орон нутагт ажиллаж хүүтэйгээ уулзалгүй өнөөдрийг хүргэсэн байна.  

Харин хүү энэ хугацаанд хойд эцгийн гарт зодуулж, зодуур, тамлал, яргалалыг амсаж эхэлсэн байна. Энэ харгислал сүүлийн дөрвөн сарын хугацаанд буюу хичээл, сургууль амарсан хөл, хорионы үед бүр гаарчээ. Тухайлбал, өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хойд эцэг нь хүүг өдөр бүр суран тэлээгээр зодож биед нь хүнд гэмтэл учруулж байжээ. Үүнээс гадна хүзүүг нь боомилж битүү хумсны сорви болгосноос гадна төмөр эд зүйлсээр ар нуруу хэсгийг маш хүнд гэмтээсэн байгаа аж. Хамгийн ноцтой нь хүүг хүйтэн гэрт гурван хоног хоол, ундгүй цоожилж сэтгэл санааны хүнд дарамтанд байлгадаг байсан байна.  

-ХҮҮГ ТӨРСӨН ААВЫНХ НЬ ЭГЧ АВЧ МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГААС  СЭТГЭЛ ЗҮЙН НӨХӨН СЭРГЭЭХ ЭМЧИЛГЭЭГ ХИЙЖ БАЙНА-

Хүүгийн амьдардаг гэрийн хөршийнхөн энэ тухай анх мэдэж цагдаагийн байгууллагад мэдээлсэн бөгөөд Төв аймгийн цагдаагийн хэлтсээс хойд эцгийг нь 24 цаг саатуулаад суллажээ.

Уг үйл явдал дээр мэргэжлийн байгууллагууд тэр дундаа Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын мэргэжилтнүүд ажиллаж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Мөн найман настай хүүг төрсөн эцгийнх нь эгч өөр дээрээ авсан байна. Гэр бүл, хүүхэд залуучуудын газраас хүүхдэд сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж буй бөгөөд эрсдлийн үнэлгээ хийж шаардлагатай зарим арга хэмжээг авч эхэлжээ. Мөн хамгаалалтад авсан байна. Харин Төв аймгийн цагдаагийн хэлтсээс шүүх шинжилгээний хариу гарах хүртэл хойд эцгийг гадуур байцааж шалгах байр, суурьтай байгаа гэнэ. Хүүгийн хувьд бүх болсон үйл явдлыг цагдаа нарт мэдүүлжээ. Тэрбээр төрсөн аавтай нь яриулдаггүй байсан тэр бүү хэл зодуулдаг гэдгээ хэлбэл ална хэмээн сүрдүүлдэг байсан тухай ч ярьжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр хүүгийн сэтгэл санаа маш тавгүй, цочирдож айсан байдалтай байгаа аж. Гэрчүүдийн өгсөн мэдээллээр хүүг өдөр бүр зоддог, үүнээс болж байнга уйлж шаналдаг, хамгийн харамсалтай нь ээж нь хүүг зодуур, тамлалд байдгийг мэддэг ч арга хэмжээ авдаггүй байсан байна. Хойд эцэг болон ээжийнх нь хувьд архины хамааралтай байж болзошгүй аж. Мөн ээж нь хүүгээ хамгаалах нь бүү хэл цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө “Би хүүгээ зодсон юм” хэмээн хойд эцгийг нь өмгөөлсөн байж болзошгүй байна.

Бид уг хэргийн талаар эргэн мэдээллэх болно.