Автомашиндаа зөвшөөрөлгүй “маяк” тависан С.Амарсайхан, Сү.Батболд нарыг зөрчлийн хуулиар торгожээ

Автомашиндаа зөвшөөрөлгүй “маяк” тависан С.Амарсайхан, Сү.Батболд нарыг зөрчлийн хуулиар торгожээ

Хөл хорионы өдрүүдэд хувийн өмчит компанийн нэр дээр болон иргэний нэр дээр бүртгэлтэй автомашинуудад тусгай дуут болон гэрлэн дохио (маяк) тавьж замын хөдөлгөөнд оролцож байгаа зөрчлүүд гарч байсан талаар зарим хэвлэлүүд мэдээлж байсан.

Тухайлбал, “Оюуны ундраа” группын хамаарал бүхий 03-01УБҮ улсын дугаартай, хар өнгийн, ниссан алтима маркын автомашин тусгай дуут болон гэрлэн дохиог тавьж байршуулан замын хөдөлгөөнд оролцож  байсан нь батлагдсан. Тэгвэл үүний дагуу ЦЕГ-ын Бүртгэл хяналтын төв шалгаж, зөвшөөрөлгүйгээр маяк тавьсан хэмээн хотын дарга асан С.Амарсайханы жолоочийг Зөрчлийн хуулиар 100 мянган төгрөгөөр торгож, Сү.Батболдын маякын зөвшөөрлийг цуцалсан байна.

Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрлэн дохиог тавьж хэрэглэх журмыг манай улс ийнхүү хуульчилжээ.

  • Төрийн тусгай хамгаалалтад авахаар тогтоосон албан тушаалтан, иргэн, болон гадаадын өндөр дээд хэмжээний зочдын аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэлд-хөх
  • Цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн  аюулгүй байдлыг хангах шуурхай албаны тээврийн хэрэгсэлд - хөх-улаан
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ялтан хуяглан хүргэх, тусгай ажиллагааны чиглэлээр ажиллах тээврийн хэрэгсэлд -улаан
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлд- улаан
  • Онцгой байдлын албаны гал түймэр, аврах ажиллагааны тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлд- улаан
  • Гадаадын иргэн, харьяатын газрын хяналт шалгалтын  тээврийн хэрэгсэлд- улаан
  • Хилийн цэрэг, зэвсэгт хүчний тэсэрч дэлбэрэх бодис хайж илрүүлэх, түүнийг аюулгүй болгох тусгай бүлэг, цэргийн хээрийн сургалт, дадлагад үүрэг гүйцэтгэхэд цэргийн цувааны хамгаалалт болон цэргийн цагдаагийн бүлгийн тээврийн хэрэгсэлд- улаан
  • Шүүх, прокурор, авлигатай тэмцэх, тагнуулын байгууллагын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, хойшлуулшгүй ажиллагаанд ашиглах шуурхай ажлын тусгайлан тоноглогдсон тээврийн хэрэгсэлд-улаан
  • Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн байгууллагын хүүхдийн тусламжийн үйлчилгээний төвийн хүүхдийн аюулгүй байдлыг хангах шуурхай тусламжийн үйлчилгээ үзүүлдэг тээврийн хэрэгсэлд-улаан
  • Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл.
  • Хүн, мал эмнэлгийн яаралтай тусламжийн тээврийн хэрэгсэлд – ногоон
  • Цахилгаан, дулаан, ус суваг, холбоо, үйлдвэрлэлийн ослын шуурхай дуудлагын болон гэрээт харуул хамгаалалт, байгаль орчин, даатгалын шуурхай алба, хот тохижилт, тусгай зориулалтын чирэгч ачигч, техникийн хяналт, замын арчлалт, засвар үйлчилгээ, мэргэжлийн хяналт, гааль, татварын тусгайлан тоноглосон тээврийн хэрэгсэлд–шар өнгийн дуут болон гэрлэн дохио тавьж хэрэглэнэ гэж хуульчилсан.

 

 




ГҮМҮДА-Тэр ертөнц

1 цагийн өмнө