Б.Дуулим: “С.Вандан, Д.Дуламсүрэн нарын ач охин дуулж байна” гэхэд маш өндөр хариуцлагатай байх ёстой юм шиг санагддаг

Б.Дуулим: “С.Вандан, Д.Дуламсүрэн нарын ач охин дуулж байна” гэхэд маш өндөр хариуцлагатай байх ёстой юм шиг санагддаг

Ижил заяа, нэгэн сэтгэлээр Монголын урлагтай амьдралаа холбосон Зууны манлай хос дуучин, Монгол Улсын Гавьяат Жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Хоёр гавьяатын сайхан хоолойг хүү В.Баттулга нь ч өвлөн авч, өдгөө уран бүтээлээ туурвиж буй. Тэгвэл түүний ууган охин, дууч удмын үргэлжлэл болж буй Б.Дуулимыг бид урьж ярилцлаа. 18-хан настай энэ охин Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хуучны хоёр ч дууг өвөрмөц, цээл хоолойгоороо дахин амилуулан төдийгүй саяхан өөрөө үг, аяаа зохиож, клипжүүлсэн дуугаа олон нийтэд цацжээ.  

СОНСОХ:

-ӨВӨӨ, ЭМЭЭ МААНЬ БАГА БАЙХААС МИНЬ Л МАНАЙ ГУРАВ ДАХЬ ҮЕИЙН ДУУЧИН ГЭЖ ӨХӨӨРДДӨГ БАЙСАН-

-Сүүлийн үед хүмүүс таныг зууны манлай хос дуучин, хоёр гавьяатын ач охин гэдгээр нь илүү их таних боллоо. Яг Б.Дуулим гэж хэн юм бэ. Хувь хүн талаасаа бидэнд өөрийгөө танилцуулаач. 

-Намайг Баттулгын Дуулим гэдэг. Би 18 настай. Жүжигчний мэргэжлээр сурдаг. Хувь хүний талаас гэвэл зөрүүд, өөрийнхөө байх дуртай тийм хүн юм болов уу/инээв/. 

-Б.Дуулимыг их багаасаа дуулж эхэлсэн гэж сонслоо. Яг хэдэн настайдаа өөрийгөө дуулах авьяастай гэдгээ мэдсэн бэ. 

-Би гурван настай байхдаа эмээ, өвөө, аавтайгаа хамт аялан тоглолтоор явж Монголыг бүтэн тойрч байсан. Бага байхаасаа л орон нутгийн тоглолтуудад өвөө, эмээгээ дагаж явдаг хүүхэд байлаа. Тухайн үед “Цагаан баавгайн бамбарууш, тоглон наадаж байна” гээд л хүүхдийн дуу ганцаараа дуулчихна. Бас тоглолтын дундуур “Жалам хар” явахад аяыг нь дуусан дуустал тайз тойрч бүжиглэдэг хүүхэд байсан. Яг өөрийгөө дуулах авьяастай гэдгээ сайн таньж мэдсэн гэвэл нэгдүгээр ангид байхдаа юм болов уу. Тухайн үед урлагийн үзлэгт орж алтан медаль авч байсан. 

-Саяхан Монгол түмний сэтгэлд хоногшсон дуунуудын нэг болох “Анхны хайр” киноны дууг дуулсан. Чухам яагаад энэ дууг сонгож дуулах болов?

-Өмнө нь би “Жинжиймаа” киноны дууг мөн дуулсан. Үе тэнгийнхэн болон надаас насаар бага дүү нар маань “Анхны хайр”, “Жинжиймаа” гэж ямар дуу болох, тухайн үед ард түмэнд ямар их хайрлагдаж байсан нандин дуу гэдгийг төдийлөн мэдэхгүй шүү дээ. Тийм учраас хуучны ийм сайхан дуу байдаг шүү гэдгийг залуу үеийнхэн таньж мэдээсэй гэж хүссэн. Нөгөө талаар “Анхны хайр”-ын ая, үг нь надад маш их таалагдсан учраас сонгосон.

-Олны хүртээл аль хэдийн болчихсон дууг дуулна гэдэг амаргүй шүү дээ. Учир нь хүмүүсийн сэтгэлд анх яаж дуулсан тэр хэвээрээ хоногшчихсон байдаг. Тэр ч утгаараа хүмүүс маш өндөр “босго” тавьдаг. Таны хувьд анх энэ дуунуудыг дахин амилуулахад хэр эмээлттэй байсан бэ. 

-Энэ хоёр дууг хоёуланг нь МУГЖ А.Ариунаа эгч дуулсан шүү дээ. Миний хувьд яг А.Ариунаа эгч шиг дуулъя, эсвэл А.Ариунаа эгчээс илүү дуулна гэж ерөөсөө бодоогүй. Энэ дуунаас яг л Дуулим л сонсогдож байх ёстой, Дуулим ямар өнгө аяс, ямар характраар дуулдаг түүнийг л гаргая гэж бодсон. Хүмүүс яаж хүлээж авах бол гэж тухайн үед эмээж байсан ч ихэнх нь эерэг сэтгэгдэлтэй байсан учраас их урамшсан. 

-Ер нь таныг дуулахад юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ. Мэдээж авьяас чадвараас гадна шүү дээ. Магадгүй "юу" гэж асуухаас илүү "хэн" нөлөөлсөн бэ гэх нь зүйтэй юм шиг. 

-Манай эмээ, өвөө хоёр/инээв/. Намайг бага байхаас л тэд маань “Манай гурав дахь үеийн дуучин” гэж их хэлж, өхөөрддөг байсан. Би анх дуучин болъё гэж ерөөсөө бодоогүй, сэтгэл зүйч болохыг их хүсдэг байсан. Гэхдээ том болох тусам өөрийгөө дуулах ямар их дуртайг мэдэж, удмаа залгаж, гурав дахь үеийн дуучин болох нь зүйтэй юм байна гэж шийдсэн. Өсвөр насны онцлогоор ч юм уу олон мэргэжлийг сонирхож байсан ч яг аравдугаар ангидаа өөрийгөө үнэхээр дуучин болохоор төрсөн юм байна гэдгийг илүү сайн ойлгож, ухаарсан гэх үү дээ. 

-ААВТАЙГАА ХАМТ ТАЙЗАН ДЭЭР ГАРАХАД МАШ ИХ БАЯРЛАДАГ Ч НӨГӨӨ ТАЛААР АЛДАА ГАРГАХ ВИЙ ГЭЖ ЭМЭЭДЭГ- 

-Аавтайгаа хамтарч хэчнээн уран бүтээл хийгээд байна. Ер нь анх хамт дуулъя гэдэг санааг хэн анх гаргаж байсан бэ? 

-Бид хоёрын хамгийн анхны хамтарсан уран бүтээл бол “Амь нэгтэй аав, охин”. Энэ дууг нэг зохиогч анх аавд маань өгч, “охинтойгоо хамт дуулаач” гэдэг санал тавьж байсан. Үүнээс хойш бид хоёр таван уран бүтээл хамтарч гаргаад байна. Харин миний хувьд ганцаараа гурван уран бүтээл гаргасан. Хамгийн сүүлд ая, үгээ өөрөө зохиосон нэг дуугаа олон нийтэд цацсан. Клипээ ч өөрөө хийсэн. 

-Өөрөө үг, аяа зохиодог дуучин тийм ч их биш шүү дээ. Дууны ая, үгийн сэдэл хаанаас төрдөг вэ? 

-Би ихэвчлэн поп урсгалын дуу зохиосон. Цаашдаа ч энэ урсгалаар голчилж дуулна гэж бодож байгаа. Зохиосон дуунууд маань ер нь хайрын тухай. “Youtube”-ээс янз бүрийн хэмнэл сонсохоор гэнэтхэн л аяны санаа орж ирээд аманд өөрийн эрхгүй үг хэлэгдээд байдаг. Тэр дор нь цаасан дээр бичиж авахгүй бол мартчихдаг юм/инээв/. Дараа нь эвлүүлээд дууныхаа үгийг зохиодог. Яг өөрөө үг, аяа зохиосон зургаан дуу надад бий. 

-Хүн бүхэнд аавтайгаа хамт нэг тайзан дээр гарч дуулах хувь тохиол тэр болгон тохиохгүй байх. Аавтайгаа хамт уран бүтээл хийж, нэг тайзан дуулахад ямар мэдрэмж төрдөг вэ? 

-Нэг талаараа их айж, сандардаг. “Би буруу дуулчихсан байх вий, ямар нэгэн алдаа гаргачихсан байх вий, тайзнаас буухад аав маань ямар шүүмж хэлэх бол” гэж их эмээдэг.  Нөгөө талаар өөрийгөө их азтайг ухаарч, баярладаг. Аавтай хамт дуу дуулахад ая нь цаанаасаа урсаж, үг нь сэтгэлээсээ хэлэгдэж, их хайр шингээж байгаа нь мэдрэгддэг. 

-Сая аав “ямар шүүмж хэлэх бол” гэж их боддог гэлээ. Ер нь аав тань юуг хамгийн их захидаг вэ? 

-“Дууг хүчилж биш өөрийнхөөрөө, чин сэтгэлийнхээ гүнээс “дотортой” дуул” гэж их хэлдэг. Би ч аавын захиснаар дуулахыг их хичээдэг. 

-Саяхан онлайн тоглолтоо аавтайгаа хамт хийсэн. Энэ аавтайгаа хамтарсан хэд дэх тоглолт байв? 

-Аавтайгаа хамт хоёр удаа орон нутгийн аялан тоглолт хийсэн. 2016 оны дөрөвдүгээр сард аав маань “Эр хүн эмзэгхэн юм уу даа” гэдэг анхны бие даасан тоглолтоо Бөхийн өргөөнд хийхэд нь бас оролцож байсан. 

-Орон нутгаар аялан тоглолт хийхэд чамгүй ядарна шүү дээ. Ялангуяа хүүхдэд бол их ачаалалтай байсан байх. Орон нутгаар аялан тоглолт хийх ямар санагдаж байв. Дуучин гэдэг энэ мэргэжлийн хатуу,  хөтүүг тодорхой хэмжээгээр өөрийн биеэр мэдэрсэн болов уу. 

-Урлаг хатуу гэж хүмүүс их ярьдаг. Аялан тоглолтоор явахад янз бүрийн л бэрхшээл гардаг гэдгийг биеэр мэдэрсэн дээ. Тухайлбал, машин эвдэрнэ, замдаа төөрнө, даарч, өлсөж цангах гээд л нэг бодлын хэцүү ч адал явдалтай зүйл их тулгардаг. Гэхдээ аав маань дэргэд байсан болохоор тийм ч хэцүү санагдаж байгаагүй ээ. 

-ӨВӨӨ ЭМЭЭ ХОЁРЫНХОО НЭРИЙГ СЭВТЭЭХГҮЙ
ЮМСАН ГЭЖ ИХ БОДДОГ-

-Урлаг хатуу гэдгийг урлагийн тогоонд чанагдсан хэн бүхэн ухаарч, биеэр туулж гардаг. Тэр замыг өвөө, эмээ, аав тань бүгд туулж яваа. Таныг анх жүжигчин болно гэхэд аав, ээж тань яаж хүлээж авсан бэ. 

-Манай гэр бүлийнхэн бүгд намайг дуучин болохыг дэмжиж байсан. Гэхдээ би жүжигчний мэргэжлийг сонгосон. Гэр бүлийнхэн маань бүгд дэмжиж, нэг ч удаа хориглож байсан удаагүй ээ.

-Аавтайгаа хамт уран бүтээл хийчихлээ. Өвөө, эмээтэйгээ дуу хийх тухай бодож байсан уу. Энэ тухайгаа өвөө, эмээдээ хэлж байв уу? 

-Хүсэл бол мэдээж байдаг. Гэхдээ өвөө, эмээдээ хэлж байгаагүй. Хөл хорио тавигдаж, цаг сайхан болохоор тэдэнтэйгээ дуу хийх байх гэж бодож байна. 

-Өвөө, эмээ тань Монголчуудын хамгийн хайртай дуучин. Тэр хэмжээгээрээ танд хариуцлага ногддог байх. Вандан, Дуламсүрэн нарын ач охин гэдэг утгаараа тэднийхээ нэр хүндийг өндөрт өргөх ёстой гэж олон хүн харж байгаа. Гэхдээ энэ нэг талаар танд дарамт юм шиг санагддаг уу?

-Яг Монгол Улсын Гавьяат Жүжигчин, Зууны манлай дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын ач охин дуулж байна гэхэд надад маш өндөр хариуцлага ногддог. Ерөөсөө алдаж болохгүй юм шиг санагддаг. Гэхдээ төгс төгөлдөр хүн гэж байхгүй. Хүн л юм чинь ямар нэгэн байдлаар алдаа гаргана шүү дээ. Тийм учраас аль болох алдаа гаргахгүйг хичээж, тэднийхээ нэр төрийг сэвтээхгүй юмсан гэж боддог. Бүх зүйл сайнтай, муутай байдгийн адилаар эерэг, сөрөг янз бүрийн л сэтгэгдэл ирдэг. Тэр болгонд авах гээхийн ухаанаар хандаж, зэмлэл магтаал хоёрыг зэрэг хүлээж авахыг хичээдэг. 

-Бага наснаасаа дуулж эхэлсэн. Олон хүн танихын хэрээр таны хэлснээр сайн, муу сэтгэгдлийг хүмүүс хэлж байгаа байх. Ер нь сөрөг сэтгэгдэлд хэр зэрэг ач холбогдол өгдөг вэ?

-Эхэндээ нэлээн ач холбогдол өгдөг байсан. Сөрөг сэтгэгдэл ирэхэд сэтгэлээр унаж, “урлаг надад зохихгүй юм байна” гэж их гутралд орсон. Сүүлдээ сөрөг сэтгэгдлүүдийг тоохоо больчихсон. Муулж л байдаг юм чинь гээд сурчихдаг юм байна лээ. Мэдээж зөв шүүмжлэл байвал хүлээж авдаг. 

-Өвөө, эмээгийн тань уран бүтээлүүдээс таны хамгийн дуртай нь ямар дуу вэ?

-“Ижил заяа”. Энэ дуу Монголын ард түмэнд их хүрсэн дуу шүү дээ. Дууны утга агуулга, ая, үг гээд бүгд сайхан санагддаг. Өвөө, эмээ хоёр маань удахгүй шинэ уран бүтээлээ гаргах гэж байгаа. 

-ТАЙЗАН ДЭЭР ГАРАХАД ОРЧЛОНГООС ТАСАРЧИХСАН
ЮМ ШИГ САНАГДДАГ-

-Өвөө, эмээ, аав, охин бүгд дуулах авьяастай. Гэрийнхнээс тань өөр дуулах авьяастай хүн бий юү? 

-Ээж маань дуу хуурын өлгий гэгддэг Дундговь аймагт төрсөн. СУИС-ийг бүжигчний мэргэжлээр төгссөн бас л урлагийн хүн. Ээж үнэхээр гоё дуулдаг. Ээжийн ээж маань ч их сайхан дуулдаг. Намайг дөрвөн настай байхад аав ээж хоёр маань “Бурхнаас заяасан хань” гэдэг уран бүтээл гаргаж байсан. Би хоёр охин дүүтэй. Дүү нар маань бүжиглэж, дуулах авьяастай. 

-Өвөө, эмээгийн тань, аавын тань, бас таны дуулсан дууг олон нийт талархан хүлээж авч, дагаж дуулахыг сонсох үнэхээр сайхан мэдрэмж төрүүлдэг байх. Ер нь дуу гэдэг зүйлээс ямар мэдрэмж авдаг талаараа хуваалцаач?

-Тайзан дээр гараад дуулахад орчлонгоос тасарчихдаг. Хүмүүс намайг харж, сонсож байна. Би биеэ ингэж удирдаж, ингэж авч явахгүй бол болохгүй юм гэж ерөөсөө боддоггүй. Ухаан санаа балартаж, юу болсныг санахгүй байх тохиолдол байдаг шүү дээ. Яг л тийм мэдрэмж төрдөг. Тайзнаас буусныхаа дараа яаж дуулсан талаараа ерөөсөө санадаггүй. Би өөрийнхөө хоолойд их дуртай. Өвөрмөц санагддаг. Өөрийнхөө хоолойд дурлаж, орчлонгоос тасарчихсан юм шиг мэдрэмж төрүүлдэг нь хамгийн сайхан санагддаг. 

-Өвөө эмээ тань яг уран бүтээлч хүнийхээ үүднээс танд юуг аминчилж захидаг вэ? 

-Намайг “яаж ч нэрд гарсан, яаж ч олонд танигдсан илүү даруу, дөлгөөн байгаарай. Биеэ тоож болохгүй” гэж захидаг. Бас “дууныхаа үг, агуулгыг маш сайн ойлгож, “дотортой” дуулаарай. Хүмүүсийн хайрыг хүртэх тусам илүү даруу дөлгөөн байгаарай” л гэж их хэлдэг дээ. 

-Ярилцлагын сэдвээ арай өөр тийш нь хандуулъя. Дуулахаас гадна чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Төгөлдөр хуур тоглох дуртай. Аав маань СУИС-ийн төгөлдөр хуурын ангийг төгсөж байсан. Гэхдээ би төгөлдөр хуур яаж тоглохыг нэг ч удаа заалгаж байгаагүй. Өөрөө бие дааж сурсан. Төгөлдөр хуурын нот мэдэхгүй ч сонсголоороо тоглочихдог юм/инээв/. Эмээ, өвөө хоёроороо ятга заалгаж байсан. Бас арван жилдээ лимбэ тоглож сурсан. 

-Дуулим жүжигчин болон дуучны мэргэжлийг хослуулах юм байна гэж ойлголоо.  Цаашид жүжигчин болон дуучны ямар төрлөөр голчилъё гэж бодож байна. 

-Дуун дээр гэвэл цаашид хэд хэдэн хуучны дууг сэргээж дуулж байгаад өөрийн гэсэн уран бүтээлтэй болохыг хүсэж байгаа. Гэхдээ яг ч поп биш, бас нийтийн ч биш завсрын нэг жанр байдаг даа. Тийм жанраар дуулах бяцхан хүсэл бий. Жүжигчний хувьд театрын урлагд маш их хайртай. Театрын жүжигчин болохыг хүсдэг. Гэхдээ дэлгэц, театр, мюзикл гээд олон төрөлд өөрийгөө сорьж үзэхийг мөрөөддөг.

-Ярилцсанд баярлалаа. Танд болон танай гэр бүлд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. 

-Баярлалаа.