Цагдаагийн албан хаагчид нүдний цөцгий нь хагарсан хоёр настай охиныг эмнэлэгт шуурхай хүргэж, амь насыг нь аварчээ

Цагдаагийн албан хаагчид нүдний цөцгий нь хагарсан хоёр настай охиныг эмнэлэгт шуурхай хүргэж, амь насыг нь аварчээ

Өнөөдөр /2021.02.17/ өглөө 10:30 цагийн орчимд Эмээлт дэх шалган нэвтрүүлэх товчоогоор Завхан аймгийн Идэр сумаас нүдний цөцгий хагарсан оноштой хоёр настай охин яаралтай эмнэлэгийн тусламж авахаар ирсэн байна.

Охинд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн хошууч Д.Ууганбаяр тусалснаар эмнэлэгийн тусламж цаг алдалгүй авч чаджээ. Энэ талаар охины ээж Завхан аймгийн Идэр сумын иргэн Г.Ариунаатай утсаар холбогдож тодрууллаа. 

-Охины тань бие хэр байна. Эмнэлэгт хэвтчихсэн байгаа юу?

-Охины бие сайн байна. Яаралтай шинжилгээгээ өгч, эмчид үзүүлээд одоо Эх нялхаст хэвтэн эмчлүүлж байна. 

-Охины нүд яагаад гэмтсэн юм бэ. Орон нутгаас Улаанбаатар хот руу ирэхэд хүндрэл, бэрхшээл гарав уу.

-Хамт тоглож байсан хүүхэд нь санаандгүйгээр охины маань нүд рүү цохисноос болж гэмтсэн. Аймгийн эмнэлэгт үзүүлтэл нүдний хүүхэн хараа гэмтчихсэн байна. “Улаанбаатар хот руу яаралтай авч яваарай” гэж хувийн автомашинаараа явахад шаардлагатай бүх бичиг баримтыг бүрдүүлж өгсөн. Ингээд бид аймгаасаа гарч Улаанбаатар хүртэл замдаа хүндрэл бэрхшээлгүй, шуурхай яваад ирсэн. Өнөөдөр өглөө 10.00 цаг өнгөрч байхад Эмээлтийн шалган нэвтрүүлэх цэг дээр ирсэн. Биднийг Сонгино-хайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн цагдаа нар тосч аваад албаны автомашиндаа суулган, таван шарын уулзвар хүргэж өгсөн. Таван шар дээр манай хамаатны хүн машинтайгаа хүлээж байсан. Ингээд биднийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв рүү очих хүртэл араас утастаж, санаа тавьж, замд байгаа цагдаа нарт урьдчилаад хэлж, саадгүй явахад дэмжлэг үзүүлсэн. Цагдаа нарын хүчинд охин минь цаг алдалгүй, хурдан эмнэлгийн тусламж авч чадлаа. Тухайн үедээ сандарч тэвдээд “баярлалаа” ч гэж хэлж чадалгүй явчихсан. Тиймээс танай сайтаар дамжуулан охин бид хоёрт тусалсан цагдаагийн алба хаагч нарт чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна.