Европын холбооноос ОХУ-ын зарим албан тушаалтанд хориг арга хэмжээ авахаа мэдэгдэв

Европын холбооноос ОХУ-ын зарим албан тушаалтанд хориг арга хэмжээ авахаа мэдэгдэв

Өнгөрсөн бямба гарагт/2021.02.20/ ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйд Москва хотын шүүхээс хоёр жил хорих ял оноосон шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тэгвэл Европын холбооноос үүнийг эсэргүүцэж ОХУ-ын зарим эрх баригчийн эсрэг хориг арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.

Одоогоор дөрвөн хүнд Европын Холбооны гишүүн орнуудаар зорчих, мөн гадаад дахь хөрөнгийг нь царцаах арга хэмжээ авах шийдвэр гараад байна.

А.Навальныйгийн шүүх хурлын дараа сөрөг хүчний Тамгын газрын дарга Леонид Волков Европын Холбооноос дэмжлэг авахаар Гадаад хэргийн сайд нарын бүлэгтэй уулзсан юм. Тус уулзалт уг шийдвэрийг гарахад нөлөөлсөн гэж улс төр судлаачид үзэж байна. Европын Холбооноос ОХУ-ын хэд хэдэн өндөр албан тушаалтнуудад хориг тавьсан. Өнгөрсөн жил химийн зэвсгийн эсрэг арга хэмжээг зөрчсөн гэсэн үндэслэлээр арав гаруй хүнд аялал жуулчлалын хориг тавьж, гадаад дахь хөрөнгийг нь царцаасан юм.

Москва хотын шүүхээс бямба гарагт А.Навальныйд хахуультай холбоотой хэргээр оноосон тэнсэн харгалзах ялыг биеэр эдлэх ялаар солих тухай шийдвэрийг хэвээр үлдээж, 2014-2015 онуудад гэрийн хорионд байсан хугацааг нь харгалзан үзэж ялыг нь 45 хоногоор багасгажээ. Мөн Бабушкин дүүргийн шүүхээс Аугаа эх орны дайны ахмад дайчин, 94 настай Игнат Артеменког гүтгэсэн хэмээн А.Навальныйг буруутгаж, түүнд 850 мянган рублийн торгууль ногдуулжээ.

Эх сурвалж: Financialtimes