МАН-ын бүлгийн гишүүд Ж.Эрдэнэбатын ТАНГАРАГИЙГ өргүүлье гэжээ

МАН-ын бүлгийн гишүүд Ж.Эрдэнэбатын ТАНГАРАГИЙГ өргүүлье гэжээ

-ӨЧИГДӨР 18.00 ЦАГТ ШҮҮХИЙН ШИЙДВЭР БАТАЛГААЖСАНЫ ДАГУУ СУЛЛАГДАЖ ЭЭЖ ДЭЭРЭЭ ОЧЖЭЭ-

Өчигдөр 10:00 цагт /2021.03.03/ Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын хорих ангиас суллагдах хүсэлтийг хэлэлцэж таслан сэргийлэх арга хэмжээ аван, суллах шийдвэрийг гаргасан. 

Эх сурвалжийн мэдээлснээс өчигдөр 18.00 цагт шүүхийн шийдвэр баталгаажиж Ж.Эрдэнэбатыг хорихоос сулласан бөгөөд гарсан даруйдаа ээждээ золгохоор явсан байна. 

Ингэснээр Ж.Эрдэнэбат УИХ-ын гишүүний тангаргаа өргөх боломж бүрдэж буй бололтой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр ирэх хаврын чуулганы нээлтийн үеэр “УИХ-ын гишүүний тангаргаа өргөж” магадгүй байгаа ажээ. МАН-ын бүлгийн гишүүд ч түүний тангарагийг нь өргүүлье хэмээн санал нэгдсэн гэх мэдээлэл байна. Хэдийгээр шүүхээс таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан ч  "Хүнтэй уулзаж болохгүй. Ямар нэгэн арга хэмжээ хуралд оролцож болохгүй гэх хязгаарлалт тавиагүй байх магадлалтай" аж. 

Тиймээс түүнийг тангарагийг нь өргүүлэх бололтой. Дашрамд дурдахад, түүнийг УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймагт нэр дэвшиж байхад нь саатуулсан ч, тэрээр сонгуульд ялалт байгуулсан учир СЕХ-ноос УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь олгосон.  Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буруутгаад байгаа юм.