Б.Ундармаагийн биеийн байдлыг нь харгалзан хорих ял оноолгүй дахин 40 сая төгрөгөөр торгож шийдвэрлэв

Б.Ундармаагийн биеийн байдлыг нь харгалзан хорих ял оноолгүй дахин 40 сая төгрөгөөр торгож шийдвэрлэв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ундармаад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцлийн дагуу өнгөрсөн хоёрдугаар сард хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасныг бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох, улс төрд нөлөө бүхий эрх мэдлээ ашиглан ЖДҮХС-аас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авч, хамаарал бүхий аж ахуйн нэгждээ олгуулж, албан тушаалаа урвуулан ашигласан хэргийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дахин хэлэлцээд түүнийг 40 сая төгрөгөөр торгохоор дахин шийдвэрлэжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийн нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, хоёр жил зургаан сараар хорих ял шийтгээд байсан ч өнгөрсөн оны аравдугаар сард нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон ялыг өөрчилж, 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргаад байсан юм. Харин үүнд нь прокурор эсэргүүцэл бичсэн гэж буй. 

Иймд давж заалдах шатнын шүүх дахин хэлэлцээд, түүнийг хүнд мэс засалд орсон зэрэг баримтуудаа дахин бүрдүүлж засаж ирсэн, улсад учруулсан хохирлоо төлсөн, гэм буруугаа хүлээсэн гэсэн үндэслэлүүдээр түүнд хорих ял оноолгүй дахин 40 сая төгрөгөөр торгохоор дахин шийдвэрлэсэн байна. Түүний хувьд өөрийн хамаарал бүхий "Доктор МЭИК" ЖДҮХС-гаас 700 сая төгрөгийн зээл авсан хэрэгт холбогдсон юм.