Хөл хорио тогтоох эсэхийг УОК дахин хэлэлцэж Засгийн газарт танилцуулна

Хөл хорио тогтоох эсэхийг УОК дахин хэлэлцэж Засгийн газарт танилцуулна

Улаанбаатар хотод халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж буйтай холбоотой УОК, ЭМЯ-аас Засгийн газарт хатуу хөл хорио тогтоох санал гаргасан. Засгийн газар өчигдөр хуралдаж тодорхой шийдвэр гаргалгүй тарсан юм.

Харин УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийх үеэр Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "УОК, ЭМЯ 14 хоног хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт уламжилсан. Засгийн газраас УОК-т чиглэл өгсөн. Энэ нь хөл хорио тогтоохгүйгээр халдвар хамгааллын дэглэмийг бариад явах ямар боломжит хувилбарууд бий тухай байсан. УОК маргааш/өнөөдөр/ хуралдаж тодорхой шийдвэр гарган Засгийн газарт танилцуулан эцэслэн шийдвэрлэнэ. Дөрөвдүгээр сарын 10-н буюу Бямба гарагаас хөл хорио тогтоох эцсийн шийдвэр гараагүй байна" хэмээн тайлбарлав.

Түүнчлэн Шадар Сайд С.Амарсайхан өөрийн фейсбүүк хуудаснаа “ЗГ, УОК иргэдийнхээ эрүүл мэндийг ч  хамгаалж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн орлогыг тасалдуулахгүй, үйл ажиллагааг нь ч хэвийн явуулахын тулд боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирлээ.

Засгийн газараас вакцинжуулалтыг эрчимжүүлж, өнөөдрийн байдлаар насанд хүрсэн 2 сая 60 мянга гаруй иргэдийнхээ 25 хувийг вакцины эхний тунд хамруулаад  байна. Гэвч Монгол төрд монгол хүний амь наснаас илүү үнэ цэнэтэй зүйл гэж үгүй учир халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа энэ үед  хөдөлгөөний хатуу хязгаарлалт давхар хийж, тархалтыг хумих шаардлага үүсэж байна” гэсэн юм.