У.Хүрэлсүхийн мутарласан зөвлөмжийг зөрчсөн “ГУЛУУЗ ИЛРҮҮЛЭХ” ажиллагаа

У.Хүрэлсүхийн мутарласан зөвлөмжийг зөрчсөн “ГУЛУУЗ ИЛРҮҮЛЭХ” ажиллагаа

Монголын тагнуулын тусгай ажилтнууд мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд “мөрдлөг” хийж, сүр дуулиантайгаар дайран орж тусгай ажиллагаа явуулан их хэмжээний мах нөөцөлснийг илрүүлсэн гэх мэдээ сүүлийн хэдэн өдөр дуулиан дагуулаад байна.

Тодруулбал, махны бизнес эрхэлдэг, нөлөө бүхий хүмүүсээс болж,  нийслэлд махны үнэ өссөн байж болзошгүй гэдэг мэдээлэл Засгийн газарт дөрвөн сувгаар ирснээр Тагнуулын байгууллагаа дайчилсан. 60 сая толгой малтай гурван сая хүн ам нэг кг махыг 16 мянган төгрөгөөр авч идэж буй нөхцөл байдалд хүрсэн нь тагнуулынхныг хөдөлгөх улс төрийнхний шийдвэр байв. Эцэст нь тагнуулынхан “гулууз илрүүлэх” үйл ажиллагаа явуулснаар асуудал намжив.

Нэгдүгээрт, Үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалж, ажиллах ёстой тагнуулын байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын байцаагч, хорооны цагдаагийн хэмжээнд хүргэсэнд олон хүний эгдүүцлийг төрүүлж байна. Эрхлэх асуудал, чиг үүргээ хөөвөл бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн шалтгааныг тогтоох чиг үүрэг нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт байдаг. 

Тагнуулын байгууллага тусгай ажиллагаа явуулах “шаардлагатай” байсан бол олон нийтэд урьдчилж зарлан мэдээллэх нь ямар учир зорилготой байв. Үүнийг хууль хүчний байгууллагыг улс төрд ашиглаж, шоу хийж байгаа нэг хэлбэр гэж олон нийт харахаас өөр аргагүй байдалд хүргэсэн юм.

Уг нь Монгол Улсад махаа экспортлож л байвал ашигтай. Үе үеийн Засгийн газар махаа экспортод гаргах зорилт тавьж ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд ийнхүү махны үнийг тогтворжуулах бодлогоо зөв тодорхойлж чадахгүй байсаар эцэстээ үнэ нь тэнгэрт хадаж экспортлогч компаниуд руугаа дайрч эхлэв.

Хоёрдугаарт, Монгол Улсад Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл үйл ажиллагаагаа явуулдаг. Даргаар нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажилладаг. Тус зөвлөлөөс 2019 оны нэгдүгээр сарын  15-ны өдөр гаргасан зөвлөмжид “Хонь, ямааны мах экспортлох тоо хэмжээнд хязгаар тогтоохгүй байх” хэмээн тусгаж Ерөнхий сайд У.Хүрэлсүх гарын үсгээ мутарлажээ.

Гэтэл Засгийн газар нь аюулгүй байдлаа сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх үүрэг бүхий тагнуулын байгууллагыг үйл ажиллагааг зарлан байж экспортлогч компаниудын складад тусгай ажиллагаа явуулав. Эцэстээ нөгөө экспортын тоо, хэмжээнд хязгаар тогтоохгүй гэсэн ч бог малын мах нөөцөлсөн склад руу дайрч орон “Мах экспортлогч ААН-үүд их хэмжээний мах нөөцөлсөн байгааг шалгалтаар илрүүллээ” хэмээн үндэсний телевизээрээ сүржин зарлаж байх жишээтэй. Энэ нь өөрсдийнхөө гаргасан зөвлөмжөө өөрсдөө зөрчиж байгаа хэрэг болов.

Мөн Тагнуулын байгууллагыг захиалгаар склад нэгжиж явах үүрэгтэй болгох хэмжээнд хүргэснээрээ МАН-д засаглалын ямар ч бодлого, мэдрэмж, чадвар, боловсон хүчний үнэлэмж алга болсныг тайлбаргүйгээр харуулав.