Жонш баяжуулах үйлдвэрийн ажилтан шороонд дарагдаж нас баржээ

Жонш баяжуулах үйлдвэрийн ажилтан шороонд дарагдаж нас баржээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Цомог багийн нутагт жонш баяжуулах үйл ажиллагаа эрхэлдэг “Эко хэлхээ ХХК”-ийн үйлдвэрт осол гарч нэг хүн амь насаа алдсан харамсалтай осол болсон байна.

Тодруулбал, тус үйлдвэрт ажилладаг 26 настай Э өчигдөр буюу энэ сарын 25-ны өглөө ажлаа хийж байхдаа шороонд дарагдаж амь насаа алдсан байна. Талийгаач  тус уурхайд ажиллаад жил гаруй хугацаа өнгөрч байсан бөгөөд хамт ажилладаг хүнийхээ гуйлтаар ээлжид нь гарч байгаад харамсалтайгаар амь насаа алдсан аж.

Даланжаргалан сумаас 2-3 км-ийн зайд байрлах “Кевин инвест” компанийн жонш угаах үйлдвэрийг түрээслэгч “Эко хэлхээ” компанийн хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард хаягдал усны далан нь задарч гурван төрлийн химийн хортой бодис агуулсан ус урсаж, сумын иргэдийн эрүүл мэнд болон малын бэлчээрт аюул учруулж байна гэгдэж багагүй шуугиан дэгдээж байсан юм. Тухайн үед аймгийн Мэргэжлийн хяналт болон Онцгой байдлын байгууллагаас тус компанийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон ч өнгөрсөн долдугаар сараас эхлэн дахин ажиллаж эхэлсэн байна. Гэтэл ажиллаж эхлээд удалгүй дахин зөрчил гаргаж, 26-хан настай залуугийн "аминд хүрч", таван настай, есөн сартай хоёр хүүхдийг нь өнчрүүлсэн харамсалтай хэрэг болсон байгаа юм.

У.УРАНЦЭЦЭГ