МОНГОЛ БАНК: Гадаад өрийн хэмжээ 171 сая ам.доллараар НЭМЭГДСЭН

МОНГОЛ БАНК: Гадаад өрийн хэмжээ 171 сая ам.доллараар НЭМЭГДСЭН

Монголбанкнаас сар бүр тогтмол зохион байгуулдаг хэвлэлийн бага хурал өнөөдөр /2019.08.29/ боллоо. Тус хурлаар санхүү, эдийн засгийн сарын статистик үзүүлэлтүүд, Монгол банкнаас авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийн талаар тайлбар мэдээлэл өглөө.

Мөнгөний нийлүүлэлт буюу М2 мөнгөний жилийн өсөлт 2019 оны долдугаар сарын байдлаар 17,9 хувьд хүрч, 20,3 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь өмнөх сараас 0,3 буюу 60,4 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт. Харин төгрөгийн харилцах өнгөрсөн долоон сард 311,9 тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ нь томоохон аж, ахуй нэгжүүдийн татварын төлөлттэй холбоотой.

Мөнгөний нийлүүлэлтийн эх үүсвэрийн хувьд:

төгрөгийн хадгаламж 53,7 хувь

төгрөгийн харилцах 15,5 хувь

гадаад валютын хадгаламж 14,4 хувь

гадаад валютын харилцах 13,2 хувийг эзэлж байна.

Нийт хадгаламжийн хэмжээ 13,8 их наяд төгрөгт хүрсний 84,1 хувийг иргэдийн хадгаламж, 15,9 хувийг байгууллагын хадгаламж бүрдүүлж байна. Хадгаламжийг валютын төрлөөр авч үзвэл 20,7 хувийг иргэдийн хадгаламж, 21,7 хувийг байгууллагын хадгаламж эзэлж байна.

-БАНКУУДЫН ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ ӨСЧЭЭ-

Банкуудын зээлийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 17 хувиар өсч, 18,1 их наяд төгрөгт хүрчээ. Үүнээс иргэдэд олгосон зээлийн үлдэгдэл 9,3 их наяд төгрөгт буюу жилийн өсөлтөөр 22 хувьтай тэнцэж байна. Харин байгууллагуудын зээлийн үлдэгдэл 8,7 их наяд төгрөг буюу жилийн өсөлтөөр 12 хувьтай тэнцүү байгаа юм. Нийт зээлийн 13 хувийг гадаад валютын зээл эзэлж байна. Үүн дотроо иргэдийн зээл 1,6, хувийн байгууллага 26 хувийг бүрдүүлж байна.

Нийт зээл:

23 хувийг цалин тэтгэвэр

16 хувийг худалдааны зээл

11 хувийг үл хөдлөх салбар

9 хувийг барилгын салбар эзэлж байна.

Чанаргүй зээлийн хэмжээ 10,6 хувьтай тэнцэж байгаа бол хугацаа хэтэрсэн зээл 4,8 хувьтай тэнцүү байна.

-741 ИРГЭНД ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ-

Өнгөрсөн долдугаар сард банкууд нийт 741 зээлдэгчид 57,1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ. Ипотекийн зээлийн нийт үлдэгдлийн 74,4 хувийг хөтөлбөрийн зээл, 21 хувийг банкуудын эх үүсвэрийн зээл, 4,6 хувийг бусад эх үүсвэрийн зээл эзэлж байна.

Ипотекийн хөтөлбөрийн хувьд эхний найман сарын байдлаар Монголбанк, арилжааны банк, Засгийн газрын эх үүсвэрээс нийт 283 тэрбум төгрөгийг нийт 4000 орчим зээлдэгчид олгоод байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 100 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.

-ААН-ИЙН ГАРГАСАН БОНДЫН ЭХ ҮҮСВЭР ОРЖ ИРЖ БАЙНА-

Монгол улсын гадаад активын нийт хэмжээ хоёрдугаар улирлын байдлаар 6,8 тэрбум ам.доллартай тэнцэж байгаа бол гадаад пассивын хэмжээ 41,3 тэрбум ам доллартай тэнцэж байна. Ингэснээр манай улсын гадаад хөрөнгө оруулалт сөрөг 34.4 тэрбум ам.доллартай тэнцүү гарч байгаа юм. Нийт гадаад активын дийлэнх буюу 60 гаруй хувийг валютын нөөц бүрдүүлж байна. Харин бусад зээл 28 хувийг бүрдүүлж байгаа юм.

2019 оны хоёрдугаар улирлын байдлаар нийт гадаад өрийн хэмжээ 29,7 тэрбум ам.долларт хүрч, өмнөх улирлаас 171 сая ам.доллараар нэмэгдсэн байгаа юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалттай компани хоорондын зээллэг нэмэгдсэн нь өр нэмэгдэхэд нөлөөлжээ.




Өнөөдөр үхэр өдөр

29 минутын өмнө