Хүмүүжигч С: Хамт хоригдож байгаа хүмүүс маань алтан медаль хүртсэнд баяр хүргэж, чихэр, жигнэмэгээр шагнасан /ВИДЕО/

Хүмүүжигч С: Хамт хоригдож байгаа хүмүүс маань алтан медаль хүртсэнд баяр хүргэж, чихэр, жигнэмэгээр шагнасан /ВИДЕО/

“Олон улсын хүмүүжигчдийн дунд зохион байгуулсан шатрын анхдугаар тэмцээнд оролцож, алтан медаль авч, эх орныхоо Төрийн дууллыг эгшиглүүлсэндээ баяртай байна. Энэ мэдээг аав, ээж хоёр минь сонсоод ямар их баярлах бол доо. Тэр л жаргалтай, баярлах мөчийг нь харахыг тэсэн ядан хүлээж байгаа” хэмээн хоолой зангируулан, нулимс дуслуулан ярих зэл залуухан хүмүүжигчийн гаргасан амжилтыг сурвалжлахаар бид ШШГЕГ-ын харьяа нээлттэй, хаалттай Хорих 427 дугаар ангийг зорилоо.  Улсын онцгой бүсэд нэвтэрч байгаа тул зохих зөвшөөрлийг авч тус ангид хүрэлцэн очив.

Олон Улсын шатрын холбооноос хоригдлуудын дунд зохион байгуулсан шатрын тив хоорондын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнээс манай улсын хүмүүжигчид алтан медаль хүртсэн түүхэн үйл явдал тохиосон билээ. Тус тэмцээнд аваргын төлөө тоглосон хүмүүжигч С-тэй ярилцаж суух зуур амьдралдаа алдаж, хорих байгууллагад хүмүүжиж байгаа ч гэлээ гаргасан амжилтандаа бахархан, баярлах түүнээр бахархах басхүү харамсах сэтгэл өөрийн эрхгүй төрж байсныг нуух юун.

-ХҮМҮҮЖИГЧ С: АВАРГА БОЛООД БАЯРЛАСАН АМБИЦАА ГАРГАЖ ЧАДААГҮЙ. ДОТРОО Л МАШ ИХ БАЯРЛАЖ БАЙСАН-

-Анх удаа хүмүүжигчдийн дунд зохион байгуулсан олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэнд баяр хүргэе. Тоглолтынхоо талаар бидэнд яриач?

-Манай улсаас найман хүмүүжигч энэ тэмцээнд оролцсон. Миний хувьд аваргын төлөөх тэмцээнд Филиппин улсын хүмүүжигч тамирчинтай тоглосон. Маш хичээл зүтгэлтэй, алдах эрхгүй тэмцээн болсон. Бид энэ тоглолтод эвтэй, нэг толгойтой, сайн дасгалжуулагчтай байсны үндсэн дээр түрүүллээ. Мөн тэмцээнд бэлтгэсэн дасгалжуулагч Т.Батчимэг болон тухайн үед намайг бэлдэж, орчноор бүрдүүлсэн н.Серикбол хошуучийнхаа итгэлийг алдахгүй гэж бүхий л чадлаараа тоглосон. Бэлтгэлийг маш сайн хийсэн учраас амжилтад хүрсэн гэж бодож байна. Намайг дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа.

-Таны хувьд хамгийн хүчтэй өрсөлдөгч аль улсын хүмүүжигч байв. Аварга болно гэдэг итгэлтэй тоглосон уу?

-Миний тоглосон тоглолтоос хамгийн сайн нь ОХУ, Филиппины тамирчид байсан. Анх энэ тэмцээнд орохдоо түрүүлнэ гэж бодоогүй. Хүний сурсан эрдэм хэзээ ч илүүддэггүй юм байна. Хоёрдугаар байрны төлөөх тоглолтод нээх их догдлоогүй. Харин аваргыг нь л авна гэсэн байр суурьтай тоглосон. Хар цагаан хоёр тоглолт болоход маш их сандарч байсан.

-Тэмцээнд түрүүлээд аварга болсон тэр үеийн мэдрэмжээсээ бидэнтэй хуваалцаач?

-Тухайн үед амбицаа харуулж, гаргаж чадаагүй. Дотроо л маш их баярлаж байсан.

-Амжилтын шагналаа гардан авч амжаагүй байгаа юу?

-Тийм ээ. Аваагүй байгаа. Олон улсын тэмцээн болохоор шууд ирдэггүй гэсэн. Ирэхээр нь ШШГЕГ болон анги удирдлагууд гардуулж өгнө гэсэн.

-Олон улсын тэмцээнд түрүүлж, Төрийн дууллаа эгшиглүүлсэн гэх баяртай мэдээг хамгийн түрүүнд хэнд дуулгахыг хүсэж байв?

-Ээждээ л хамгийн түрүүнд хэлэх юмсан гэж бодсон. Мөн өвөөгийн маань бие муубайгаа болохоор өвөөдөө бас хэлэх юмсан гэж бодсон.

-Гэрийнхэнтэй ярьсан уу. Баярт мэдээгээ дуулгаж чадсан уу?

-Одоохондоо тэдэндээ дуулгаж чадаагүй байгаа. Одоо нэг ирнэ гэсэн. Ирэхээр нь дуулгана гэж санаж байгаа. Аав, ээж маань маш их баяртай хүлээж авна байх. Тэр л жаргалтай, баярлаж байгааг нь харахыг тэсэн ядан хүлээж байна.

-Тэгвэл манай сайтаар дамжуулаад аав, ээждээ баярт мэдээгээ дуулгаж, сэтгэлийн үгээ хэлээч?

-Баярлалаа. Аав, ээж, эмээ, өвөө, ах, дүү нартаа маш их хайртай шүү. Хүү нь хэдийгээр алдаж, эндсэн ч гэсэн эндээс гараад та нарынхаа итгэлийг ахиж алдахгүй ээ. Та нартайгаа хамт байж, сайхан амьдарч ачийг тань хариулна. Хүү нь олон улсын тэмцээнээс алтан медаль авсан. Хайртай шүү. Бас би өөрт байсан алдаа дутагдлаа бага багаар засаж байгаа гэдгээ хэлмээр байна.

-Хамт хүмүүжиж байгаа хүмүүс нь хэрхэн хүлээж авав?

-ШШГЕГ болон анги байгууллага, хамт хүмүүжиж байгаа хүмүүс тэр дундаа манай гал тогоонд хамт ажилладаг хүмүүжигч нарын зүгээс намайг тултал дэмжсэн. Миний ажил төрлийг бүгдийг хийнэ. Орж ирэхэд яаж байна, юу болж байна гэж байнга санаа зовно. Тэгээд шагнал аваад орж ирэхэд аварга болсонд баяр хүргэе гээд өөрт байгаа чихэр, жигнэмэг зэрэг хөөрхөн хөөрхөн жижигхэн юмаар шагнаад бүгд л сайхан хандсан.

-Цахимаар тоглох, бодитоор тоглохын ялгаа нэлээд байсан байх?

-Амьдрал дээр бодитоор тоглох, цахимаар тоглох хоёр ондоо байдгийг сая мэдсэн. Цахимаар тоглох нь сэтгэл зүйн дарамтгүй юм билээ. Тухайн өрсөлдөгчөө яг ямар цолтой, ямар хүн бэ гэдгийг нь харахгүйгээр зөвхөн тухайн шатраа л харж тоглох болохоор нэг бодлын давуу байсан. Цахимаар гэхээр техникийн саатал гарвал тухай хүнийг шууд хожигдох дүрэмтэй тоглосон. Үүнээс жаахан эмээж байсан. Бодитоор тоглохоор нөгөө хүнийхээ царай зүсийг харахаар сэтгэл зүйн дайралт орж ирдэг юм. 

-Таны хувьд өмнө нь шатар тоглож байсан уу. Анх хэзээ шатар тоглож сурав?

-Шатрыг анх 9 настайдаа тоглож сурсан. Багануур дүүргийн н.Батболд багш маань анх шатар зааж өгч байсан.

-Өмнө нь шатар тоглоод амжилт гаргаж байсан уу?

-Багануур дүүргийн гурван удаагийн аварга, улсын аваргад хоёр удаа мөнгөн медаль авч байсан. Мөн Цодгор хүү улсын аваргын тэмцээнд оролцож хоёрдугаар байр эзэлж байсан. Тухайн үед шатрын холбооны тэргүүн н.Батболд багш маань намайг бэлдүүлж оролцуулж байсан. Харин ОХУ-д болсон нэг тэмцээнд оролцоод гуравдугаар байранд орох гэж байгаад тавдугаар байранд орчихсон юм. Тэгээд сэтгэлээр унаад шатраа тэр чигт нь хаячихсан байсан.

-Тэгэхээр одоо боломж байна гэдгийг мэдэрсэн болохоор цаашид энэ спортоороо хичээллэнэ биз дээ?

-Тийм ээ. Шоронгоос суллагдаад шатрын спортоор явна гэж бодож байгаа. Үнэхээр боломж байна гэдгийг олоод авсан учраас дэлхийн аваргад орно гэсэн бодолтой байна. Мөн энд байх хугацаандаа ч дараа дараагийн тэмцээнд бусад хүмүүсээ бэлдүүлнэ гэсэн зорилготой байгаа. Хамт хүмүүжиж байгаа хэд хэдэнд хүн надтай хамт тоглох талаар ярьсан. Гал тогооны хоёр хүмүүжигч маань шатар заагаад өгөөч, дараа жил хорих 427 дугаар анги тэр чигээрээ аварга авъя дөрвүүлээ хамт оръё гээд бэлтгэлээ эхэлсэн байгаа. Өдөрт ганц нэгэн удаа.

-Т.БАТЧИМЭГ: ЭНЭ ТЭМЦЭЭНД ХҮМҮҮЖИГЧДЭД УРАМ ЗОРИГ, АМЬДРАХ ИТГЭЛ, ЗОРИЛГО ТЭМҮҮЛЭЛ ӨГСӨН-

Монгол Улсын хүмүүжигчдийн багийг дасгалжуулсан Их мастер, гавьяат тамирчин, дэд хурандаа Т.Батчимэгтэй тэмцээний талаар ярилцлаа. 

-Хүмүүжигчдийн дунд зохион байгуулсан анхны тэмцээнд манай улсын хүмүүжигчид оролцоод тэргүүн байрт шалгарсан түүхэн үйл явдал тохиолоо. Тэмцээн хэрхэн явагдав?

-Дэлхийн шатрын холбооноос энэ жил анх удаа олон улсын тив хоорондын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулсан. Энэ удаад АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран зохион байгуулсан гэдгээрээ онцлогтой байлаа. Анх удаа хоригдлуудын дунд зохион байгуулсан шатрын тэмцээнд 31 орны 43 баг оролцсон. Манай улсаас 415, 419, 423, 427, 435 дугаар хорих ангиас шалгарсан найман хүмүүжигч эх орноо төлөөлөн өрсөлдөж, алтан медалийн эзэн болсон баяртай байна.  Манай улсын баг нэгдүгээр хэсгээсээ шалгараад тэндээсээ хоёрдугаар байранд шалгарч, улмаар шигшээ тоглолтод шалгарсан. Тоглолт А, Б хэсэгт хуваагдаад ОХУ, ХБНГУ, Гүрж, Филиппин гэх мэт маш хүчтэй багуудтай өрсөлдсөн. Энэ группээсээ манай баг хамгийн сүүлийн өрөлтөд ОХУ-ын хүчтэй багийг хожиж, нэгдүгээр байранд шалгарсан. Улмаар аваргын төлөө тоглох эрхээ аваад шигшээ тоглолтод ялалт байгуулснаар манайх түүхэндээ анх удаа аваргын алтан медаль хүртэж, Төрийн дууллаа эгшиглүүллээ.

-Тэмцээнд оролцох багийн хүмүүжигчдийг хэрхэн сонгосон бэ?

-Бид хүмүүжигчдээсээ шатар тоглодог, тоглож байсан талаарх судалгааг авсан. Нийтдээ 35 хүн шалгаруулалтад оролцсон. Улмаар шалгарсан хүмүүсийнхээ дунддахин тэмцээн зохион байгуулж, шалгаруулалт явуулж, эцсийн дүндээ найман хүмүүжигчийг сонгож авсан. Эдгээр хүмүүстэйгээ сарын турш түлхүү бэлтгэл хийсэн. Энэхүү шатрын тэмцээн цахимаар зохион байгуулагдсан гэдгээрээ давуу талтай. Тиймээс ч бид оролцох бүрэн боломжтой байлаа.

-Бэлтгэлийг нэлээд түлхүү хийсэн гэж байсан. Энэ талаар?

-Тэмцээнд оролцсон хүмүүжигчид багадаа тоглодог суурьтай, авьяастай хүмүүс байсан. Гэхдээ энэ хүмүүс маань онлайн орчинд тоглож үзээгүй, олон жил тоглолтоосоо төсөөрсөн байсан. Гэсэн ч бэлтгэл хийсэн өдрүүдэд эрчимтэй сайжирч, миний хэлсэн зааварчилгааг маш сайн авч, өөрсдөө маш их хичээж, мэрийж, өнөөдрийн энэ амжилтад хүрсэн.

-Тэмцээнд оролцоход хүндрэл бэрхшээл хэр байв?

-Энэ тэмцээнд хорих ангиуд маш идэвхтэй оролцсон. Интернетийн холболтын тал дээр асуудал гарч байсан. Хөдөө орон нутгийн ангиудад сүлжээ сайн барихгүй. Гацалт үүсэх зэрэг асуудал гарч байлаа. Гэхдээ хүн аливаа зүйлд сэтгэл гаргаад бүх талаасаа багийн хамтын ажиллагаагаа сайн хийж чадвал амжилтад хүрч болдог юмаа гэдгийг харуулж чадлаа.

-Тэмцээнийг жил бүр зохион байгуулахаар яригдаж эхэлсэн байсан. Энэ талаар тодруулаач?

-Энэ тэмцээн дэлхий нийтэд эерэг мэдээг түгээж байгаа тул цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах талаар Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч мэдэгдсэн. Бид цаашид аваргаа хамгаалах, мөн боломжтой бол эмэгтэй, өсвөрийн хүмүүжигчдээ бэлтгэн оруулах чиглэлээр ажиллана. Энэ тэмцээн хүмүүжигчдэд урам зориг, амьдрах итгэл, зорилго тэмүүлэл өгсөн болов уу гэж чин сэтгэлээсээ итгэж найдаж байна.