С.Амарсайхан: Гэр хорооллын айлуудыг угаараас урьдчилан сэргийлэх дохиоллын төхөөрөмжөөр хангана

С.Амарсайхан: Гэр хорооллын айлуудыг угаараас урьдчилан сэргийлэх дохиоллын төхөөрөмжөөр хангана

Нийслэлийн онцгой комисс хуралдаж сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай байгаа талаар хэлэлцлээ. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан дараах ажлуудыг хийхээр төлөвлөж байгаагаа хэлсэн юм.

Тэрээр “Сайжруулсан түлшний хэрэглээтэй холбоотой зарим эрсдэлийг бууруулах зорилгоор тодорхой ажлуудыг Засгийн газар болон холбогдох яамдтай ярилцаж шийдвэрлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, цаашдаа дахиж эрсдэл үүсгэхгүй байх үүднээс агаарын чанарыг сайжруулах хоёр, гуравдугаар бүсэд амьдарч буй айл өрхүүдэд угаараас урьдчилан сэргийлэх дохиолол өгдөг мэдрэгч бүхий төхөөрөмжөөр хангах ажлыг зохион байгуулна.

Энэ асуудлыг Засгийн газрын маргаашийн хуралдаанд оруулж хэлэлцэн шийдвэрлүүлнэ. Хоёрдугаарт, түлшний үйлдвэрлэлийн процесст ямар нэгэн эрсдэл гаргахгүй байх үүднээс “Тавантолгой түлш” компанийг онцгой объект болгож хамгаалалтад авах саналыг Засгийн газраар хэлэлцүүлнэ” гэлээ.