Ж.Мөнхбат: Би хууль бусаар баяжаагүй, Ёс зүйн дэд хорооны хуралдааны үеэр нээлттэй мэдээлэл өгнө

Ж.Мөнхбат: Би хууль бусаар баяжаагүй, Ёс зүйн дэд хорооны хуралдааны үеэр нээлттэй мэдээлэл өгнө

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Л.Болд гэсэн гурван гишүүний хөрөнгө, орлого огцом нэмэгдсэн байна гэж “Бид уучлахгүй” ТББ-аас мэдэгдэж, УИХ дахь Ёс зүйн дэд хороогоор энэ асуудлыг хэлэлцэхийг шаардсан билээ. Энэ шаардлагын дагуу Ёс зүйн дэд хороо уржигдар /2019.10.16/ хуралдсан ч гишүүд эзгүй, томилолтой яваа гэсэн шалтгаанаар хойшилсон. Ёс зүйн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гишүүн Ж.Мөнхбатыг болон бусад хоёр гишүүнийг хөрөнгө, орлого нь яагаад нэмэгдсэн талаар тайлбар ирүүлээгүй хэмээн мэдээлсэн билээ.

Өнөөдөр /2019.10.18/ УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат энэ талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ, “ТББ-аас энэ асуудлаар Ёс зүйн дэд хороонд өргөдөл ирсэн юм билээ. Энэ асуудлаар Ёс зүйн дэд хороо хуралдах байсан ч ирц нь хүрэхгүй хоёр, гурван удаа хойшилсон байх. Дэд хорооноос надад энэ талаар тайлбар өгнө үү гэсэн албан бичиг ирүүлсэн. Энэ хүрээнд тайлбараа гаргаж өгч байна. Үндэслэлгүйгээр, хууль зөрчиж хөрөнгөжсөн зүйл байхгүй. Хөрөнгө орлогоо бөглөж өгсний төлөө хүний нэр төрд халдаж, гэм буруутай зүйл хийсэн юм шиг шуугиж болохгүй. Тэр хуульд нь өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж бодож байна. Хууль зөрчсөн, хууль бусаар баяжсан юм байхгүй. Удахгүй Ёс зүйн дэд хороо энэ асуудлыг хэлэлцэх байх. Тэр үеэр нь би нээлттэй мэдээлэл өгнө” гэлээ.

Ямар орлогоор тэрбум давсан мөнгө олсон талаар сэтгүүлчид асуухад ямар нэг хариулт өгөөгүй юм.