Хотын дарга С.Амарсайханы дархан цаазат Богдхан уулан дахь тансаг хаус

Хотын дарга С.Амарсайханы дархан цаазат Богдхан уулан дахь тансаг хаус

Хотын дарга С.Амарсайханы ах С.Ганбат Зайсан болон дархан цаазат Богд хан уулын долоон байршилд нийт 15.02 га газрыг өөрийн нэр дээрх “Собт Трейд”, “Юко”, “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-иараа дамжуулан эзэмшиж буй талаарх баримт өмнө нь олон нийтэд ил болсон.

Тус 15.02 га газарт өдгөө Хотын дарга С.Амарсайханы 24 хувийг эзэмшдэг “Оюуны Ундраа” групп бизнесийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Ганцхан жишээ дурдахад, Хотын дарга  С.Амарсайханы ах С.Ганбатын “Собт трейд” ХХК-ийн эзэмшилд байх 6.02 га газарт “Зайсан Хилл” худалдаа үйлчилгээний цогцолбор өнөөдөр үйл ажиллагаагаа явуулж байна.

Харин үлдсэн 9 га газрыг “Юко”, “ӨҮ Юу Жи Си Си Си Си” ХХК эзэмшиж буй бөгөөд “Оюуны Ундраа” групп тус газарт бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаа гэх мэдээлэл бий.

Үүнээс гадна дээрх 9 га газрын нэгээхэн хэсэгт “Оюуны Ундраа” группийн ах, дүүс хувийн байшингаа барьж амьдарч байна. Тухайлбал, зурагт харагдаж буй энэ байшин Зайсангаас Богд хан уул руу өгсөх зам дагуу байрладаг бөгөөд Хотын дарга С.Амарсайханых юм.

Гэтэл түүний болон ах дүүсийнх нь том, том хашаатай тансаг байшингууд иргэдийн эрх ашгийг тодорхой хэмжээгээр хохироож буй талаарх иргэдийн гомдол сүүлийн үед тасрахаа болив.

Тодруулбал, Богд хан уулын хормой орчмоор агаарлах хүүхэд, хөгшид тус байшинг ад үзэж байна. Учир тэд Зайсангаас дээш ойр газарт  алхаж очоод агаарлах хүсэлтэй ч тайван суух хамгийн тохиромжтой хэсгийг Хотын дарга С.Амарсайхан таглан байшингаа барьжээ.

Хотын дарга С.Амарсайханы хашаатай залгаад дүүгийнх нь хаус мөн байдаг талаар иргэд ярьж байна. Угтаа бол түүний хаусны цаад уулын амыг тохижуулбал нийслэлийнхний хамгийн ойр салхинд гарах боломж бүрдэх боломжтой аж.

-ХОТЫН ДАРГА С.АМАРСАЙХАНЫ АХ С.ГАНБАТ УЛСЫН БҮРТГЭЛ ДЭХ ГАЗРЫН МЭДЭЭЛЛЭЭ ӨӨРЧИЛЖЭЭ-

Хотын дарга С.Амарсайханы төрсөн ах С.Ганбат өөрийн эзэмшлийн “Собт Трейд”, “Юко”, “Өү Юу Жи Си Си Си Си” ХХК-ийн нэр дээр Зайсан, Богд хан уул орчмын 15 га газрыг авахдаа БОАЖЯ-тай “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-д үндэслэн, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ашиглахаар гэрээ байгуулсан байдаг.

Гэтэл өнөөдөр аялал, жуулчлал бус бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс гадна анхаарал татах нэг асуудал байгаа нь 15 га газрын асуудал хэвлэлээр сөхөгдөж, олны шүүмжлэлийг дагуулсны дараагаар С.Ганбат дээрх гурван компанийнхаа улсын бүртгэл дэх мэдээллийг өөрчилсөн байна.

ӨМНӨ НЬ

ӨӨРЧИЛСӨН БАЙДАЛ

ДАРАА НЬ

Тухайлбал, өнгөрсөн зургадугаар сард Улсын бүртгэлийн мэдээлэлд 5073936 регистрийн дугаартай “Юко” ХХК-ийн захирлаар Сайнбуянгийн Ганбат, эцэг эхийн нэр хэсэгт “Оюуны Ундраа” групп бүртгэлтэй байжээ. Харин албан ёсны хаягт нь Хан-Уул, 11-р хороо, Зайсан, Дүнжингарав, 14 Зайсан Скаур төв, 6 давхар 603 тоот бүртгэгдсэн байв.

Харин өнөөдөр дээрх мэдээллийг өөрчилж  “Юко” ХХК-ийн захирлаар Доржнямбуу гэх хүнийг бүртгүүлж, эцэг, эхийн нэр хэсгийг Усны эх болгон өөрчилсөн байна. Харин. Албан ёсны хаягийг Баянзүрх дүүрэг, 14 хороо, 14 хороолол, энхтайван өргөн чөлөө 203, 69 болгон сольжээ.

Мөн “Собт трейд” ХХК-иас компанийн захирлын нэрийг хасуулсан байна.

Хотын дарга нь тусгай хамгаалалттай газарт 214 айлын газрыг зах зээлийн үнээс хямдаар авч түүндээ өөрийн амьдрах тансаг хаус, бизнесийн үйл ажиллагаагаа явуулж буй нь хэр шударга үйлдэл вэ.