Д.Ганзул: 3х3 төрлөөр олимпийн эрх авчихаад хэлэх үггүй болтлоо баярласан

Д.Ганзул: 3х3 төрлөөр олимпийн эрх авчихаад хэлэх үггүй болтлоо баярласан

FIBA 3x3 төрөлд манай улсын эмэгтэй шигшээ баг супер амжилт гаргаж "Токио-2020" олимпийн наадамд оролцох эрхээ авлаа. Энэ нь Монгол Улс түүхэндээ анх удаа багийн спортоор Олимпод оролцох эрх авч буй амжилт юм.

Монголчууд багийн спортоор амжилт гаргадаггүй гэх ойлголтыг эргэж, буцалтгүйгээр эвдэж чадсан эмэгтэй багийн тамирчдаар бахархсан өдрүүд үргэлжилж байна. Манайхан багаа Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нараар бүрдүүлсэн юм. Бид эмэгтэй шигшээ багийн ахлагч Д.Ганзултай түүхэн амжилтынх нь талаар ярилцлаа.

-БАГАДАА ГУДАМЖНЫ САГСАН БӨМБӨГ ИХ ТОГЛОДОГ БАЙСАН НЬ
3Х3 ТӨРЛӨӨР ХИЧЭЭЛЛЭХЭД НӨЛӨӨЛСӨН-

-Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Сагсан бөмбөгийн “Токио-2020” олимпийн эрх авсан орнуудыг өнгөрсөн баасан гаригт зарлаж, Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020” олимпийн наадамд өрсөлдөх эрхийг албан ёсоор авлаа. Баяр хүргэе?

-Сайн байна уу. Маш их баярлалаа. Бид маш их баяртай байгаа.

-Олимпийн эрх авсан гэдгээ мэдэх үед танай баг хамт олон болон дасгалжуулагчид, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооныхоны сэтгэл зүй, эмоци яаж илэрсэн бэ. Тэр талаар дүрсэлж хэлж болох уу?

-Юу ч хэлж чадахгүй болтлоо баярласан. Бүх хүмүүсийн сэтгэл маш өндөр байсан. Бүр сэтгэл нь дүүрсэн. Сэтгэл ханамж дээд цэгтээ хүрсэн. Маш сайхан, гоё энергийг тэр үед л мэдэрсэн дээ.

-Та хэзээнээс сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-Дунд сургуулийн сурагч байх үеэсээ л тоглож эхэлсэн. 2004 оноос хойш нийт 15 жил сагсан бөмбөг тоглосон байна. 3x3 төрлийн тэмцээн 2012 онд зохиогдож эхэлсэн. Энэ үеэс л улсынхаа шигшээ багийн тамирчин болж, 3x3 багтаа өнөөдрийг хүртэл тоглож байна. Тулгаа багш дээр очсон жил бол 2016 он юм. Тулгаа багшийн хувьд илүү арга, техникийг бидэнд зааж өгсөн. Ингэснээр илүү сайн тоглох арга техникүүдийг сурч, ур чадвараа нэмэгдүүлсэн.

-Чухам яагаад 3x3 төрлийг сонгож тоглох болсон юм бэ. Спортын энэ төрлийн юу нь таны сонирхлыг хамгийн ихээр татав?

-Багадаа гудамжны сагсан бөмбөг их тоглодог байсан нь энэ төрлөөр хичээллэхэд их нөлөөлсөн. 3x3 төрлийн онцлог нь бүтэн 10 минут талбай дээр амрахгүйгээр ажилладаг. 10 минутын хугацаанд талбай дээр тоглохдоо дээд зэргийн ачааллыг авдгаараа онцлогтой. Энэ бүхэн миний сонирхлыг татдаг. 5х5 төрлөө бодвол илүү сонирхолтой.

-АЖЛААСАА ГАРЧ БЭЛТГЭЛДЭЭ 100 ХУВЬ АНХААРЛАА
ХАНДУУЛЖ БАЙНА-

-Олимпийн эрх авч чадсан нь та бүхнийг маш их хөдөлмөрлөснийг илэрхийлж байна. Өнгөрсөн хугацаанд танай дасгалжуулагчид болон холбоо тань ямар төлөвлөгөө, арга техник боловсруулж байж энэ амжилтад хүрсэн гэж та хардаг вэ?

-2016 оноос хойш олон улсад зохиогдсон тэмцээн уралдаанд оролцсон. Олимпийн эрхээ авахын тулд шаардлагатай бүхий л тэмцээн уралдаандаа ач холбогдол өгөн оролцож байлаа. Энэ бүхнээс илүү их туршлагажсан. Ер нь Тулгаа багшийн боловсруулсан төлөвлөгөөний дагуу бид тоглодог. Тулгаа багш багуудаа “базаж” тэмцээн уралдаанд нь  оролцуулдаг. 3х3 төрлөөр хичээллэгчдийн, тоглогчдын хүрээ өргөжиж байгаа. Хүүхдүүд их сонирхож 3х3 –т орж ирж байна. Энэ нь уг төрөл улам өргөжиж буйн хэлбэр юм.

Мөн 3х3 багт Лхагваа, Ундрах багш нар болон сэтгэл зүйч Золзаяа нар ажиллаж байна. Бид илүү мэргэжлийн, стандартын дагуу ажилладаг, тоглодог болсон.

-Танай багт таниас гадна гурван тоглогч бий. Та багийнхаа тоглогчдын талаар танилцуулахгүй юу?

-Энэ жил бид тавуулаа тоглосон. Тэмцээн уралдаан ихтэй байсан учраас хольж, солигдож тоглосон. Ачаалал их авдаг учраас ядарна, бэртэл гэмтэл авбал яахав гэх мэтчилэн үүсэх нөхцөл байдлаас шалтгаалан нэмэлтээр тоглогчид орж ирсэн. Манай баг Болор-Эрдэнэ, Чимэддолгор, Хулан, Нандинцэцэг, Солонго болон миний бие гэсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй. 2016 онд Монгол улсад Азийн аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэр тэмцээнээс хойш багаараа явж байна. Энэ жил Азийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэй байсан учраас анх удаа урт хугацааны бэлтгэл хийж үзсэн. Бүгдээрээ ажлаасаа гараад өөрсдийгөө 100 хувь бэлтгэлдээ зориулсан. Давхар ажил хийдэг байхад амжилт ахихгүй байсан.Бүгд ажлаасаа гарч олимпийн эрхийнхээ төлөө зүтгэснээрээ амжилт гаргаж чадлаа. Ажлын ачааллаа больж бэлтгэлээ 100 хувь хийснээр илт сайн амжилтууд гаргасан. Биед ч эрс өөрчлөлт орсон. Багийн тоглогчид ч бие, биенээ илүү сайн ойлгож, гар нийлдэг болсон. Азийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медалийн төлөө тоглосон шүү дээ. Мөн саяхан Мальдивт 3х3 клубүүдийн тэмцээнд аваргын төлөө тоглож хожигдоод мөнгөн медаль авсан.

-Таны хувьд өмнө нь ямар ажил хийдэг байсан бэ?

-Монгол улсын хөгжлийн банкинд мэргэжилтэн хийдэг байсан.

-Та бүхэн энэ их тоглолтын завсар ар гэрээ хэрхэн зохицуулж байна. Эмэгтэй хүн сагсан бөмбөгөөр тоглоно гэдэг хүнд. Дээрээс нь орон гэрээ зохицуулна гэдэг амаргүй л байх. Тийм үү?

-Би нэг охинтой. Сагс тоглодог болохоор охиноо Дарханд аав, ээж дээрээ байлгадаг. Нөхөр маань Солонгост байдаг. Гурван талд л амьдрах юм. Олимпийн тэмцээндээ оролцсоны дараа гурван талаасаа нийлнэ дээ /инээв/. Хамгийн ойрын зорилго олимп шүү дээ. Эмэгтэй хүн спортоор хичээллэх хэцүү. Төрсний дараа буцаад формдоо орохоос эхлээд хүндрэлтэй асуудлууд бий. Аль ч спортод золиос гаргаж байж л амжилт олдог. Би бол түрдээ ар гэрээ золиослосон байна. Түрдээ шүү.

-ТУЛГАА БАГШ ДЭЭР ИРСНЭЭС ХОЙШ СЭТГЭЛ ЗҮЙЧТЭЙ, БАРИАЧТАЙ ТОГЛОЖ ҮЗЛЭЭ. ГАДАГШАА УРАЛДААН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХ ГЭЖ МӨНГӨ ХАЙЖ ИЙШ, ТИЙШЭЭ ГҮЙХЭЭ БОЛЬСОН-

-Та бүхнийг олон улсын тэмцээнд оролцоход Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос хэр дэмждэг вэ. Ер нь бэлтгэл, сургуулилтад шаардлагатай төсөв, онгоцны тийз, зочид буудал, хоол хүнс бусад зардал гээд өч, төчнөөн мөнгө хэрэг болно шүү дээ?

-Өмнө нь хангамж гэх зүйлгүй байсан. Харин Тулгаа багш дээр ирснээс хойш бариачтай, сэтгэл зүйчтэй тоглож үзлээ. Мөн уураг уудаг болсон. Яг ямар байх ёстой тэр стандартын дагуу бэлтгэл, сургуулилтаа хийж байна. Биднийг амжилт гаргахад энэ бүх зүйл их нөлөөлсөн. Гадны орнууд руу явахад маш сайн дэмждэг. Өмнө нь тоглогчид өөрсдөө зардлаа гаргаж гадны уралдаанд оролцдог байсан. Харин одоо бид өөрсдөө мөнгө, төгрөг хайж ийш,тийшээ гүйхээ больсон. Биднийг зөвхөн бэлтгэлээ л хий гэдэг. Бид зөвхөн бэлтгэлдээ л анхаарлаа хандуулдаг. Тулгаа багш тамирчидтайгаа холбоотой бүхий л ажилд гүйдэг дээ.

-Та бүхэн бэлтгэлээ  хаана хийдэг вэ?

-Хөгжим бүжгийн коллежийн дэргэдэх Орчлон сургуулийн хуучны байранд хийдэг. Өмнө заал ч олдоггүй байлаа шүү дээ.

-Ойрын маш том зорилт Токиогийн олимп боллоо. Баг, тамирчдын болон таны сэтгэл зүй ямар байна. Энэ олимпт тэр хавьцаа амжилт гаргах болов уу гэсэн таамаглал байна уу?

-Эрхээ авсан. Хожигдох гэж явна гэж юу байх вэ. Муу баг гэж үгүй. Бүх багтайгаа энэ тэнцүү үзэж байгаад л дуусгана даа. Шийдсэн тоглолтыг л гаргана даа. Олимп хүртэл хугацаа байна. Бэлтгэл, сургуулилтаа л сайн базаах хэрэгтэй.

-Та бүхэн зөвхөн Токиогийн олимпт зориулан бэлтгэл сургуулилтын хуваарьтаа өөрчлөлт оруулсан уу. Мэдээж өмнөхөөсөө шахуу бэлтгэлтэй байгаа байх?

-Тийм. Багийн эзэд буюу спонсорууд маань бидэнд илүү их найдлага тавьж байна. Биднийг +40 хэмийн халуунд Cross gym хийлгэдэг болсон. Тэсвэр тэвчээрээ нэмэхийн тулд ийм бэлтгэл хийж байгаа. Долоо хоногт зургаан өдрийн бэлтгэл хийж байна. Монголын 3х3 багийг Энержи Ресурс, MCS коко кола зэрэг компаниуд биднийг ивээн тэтгэдэг. Тэдэндээ баярлалаа гэж хэлмээр байна.

-Таньд баярлалаа. Зорьсон амжилтдаа хүрээрэй.

-Та бүхэнд мөн баярлалаа.