“Урангүй Монгол” хөдөлгөөн: Хүн толгойтой, үсгүй ишиг төрсөн

“Урангүй Монгол” хөдөлгөөн: Хүн толгойтой, үсгүй ишиг төрсөн

Өнөөдөр /2019.11.05/ “Урангүй Монгол” хөдөлгөөнөөс Дорноговь аймгийн Улаанбадрах, Хархорин, Даланжаргалант зэрэг сумуудад явагдаж буй ураны олборлолтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хийлээ. Тэд Төрийн гурван өндөрлөг болоод УИХ-ын гишүүн Э.Оюун-Эрдэнэ, Г.Мөнхцэцэг нарт уг асуудлаар хугацаатай албан шаардлага хүргүүлсэн байна.

“Улаанбадрах суманд ажиллаж байгаа “Бадрах Энержи” компани ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэж мэдэгдэж байгаа. Харин бид үйл ажиллагаа явуулаад зогсохгүй маш ноцтой зүйл болоод байгааг нь олж тогтоосон. Хамгийн анх найман өрхөд мал гаж зүстэй төллөсөн тухай мэдээллийг цацаж байсан. Үүнд н.Пүрэвдоржийн айлд хүн толгойтой, үсгүй ишиг төрсөн тухай багтаж байх жишээтэй. Цаашлаад малчин н.Норовсүрэнгийн 19 үхэр ураны шавар долоогоод газар дээрээ үхсэн. 2012 онд мал хорогдол 2870 хүртэл өссөн.

Харин 2013 онд Н.Алтанхуягийн засгийн газрын үед энэ асуудал дээр ажлын хэсэг байгуулж ажилласан. Үүгээр хайгуулын өрөмдлөг дээр цацрагийн хэмжээ долоо дахин их байгааг тогтоосон. Гэтэл энийг Цөмийн энергийн газар гуйвуулж, аюулгүй мэтээр тайлбарлаж байгаад 2013 онд татан буугдсан. Бидэнд хангалттай хэмжээний гэрэл зураг, баримтууд бий” гэж тэд ярилаа.

Нэр дурьдсан онуудаас хойш тасралтгүй мэдээлж, сануулсаар байхад одоог хүртэл Франц улсын “Арева” компани уран олборлолт хийсээр, Улаанбадрах тэргүүтэй сумуудад гаж зүстэй мал төллөлт гарсаар, ундны ус нь бохирдсоор байгаа асуудлыг тэд сөхөн тавьж, улмаар Төрийн гурван өндөрлөгт тодорхой шаардах бичиг хүргүүлсэн байна. Үүний өмнө тэд нэр бүхий ТББ-уудтай хамтран хэвлэлийн бага хурал хийх үеэрээ,

“Цөмийн реакторуудын гол түлш болох шар нунтгийг Дорноговь аймгийн Улаанбадрах, Зүүнбаян сумуудаас олборлоод, хайгуулаа хийгээд эхэлсэн. Зөвхөн хайгуул хийж байх үед манай нутагт нүдтэй нүдгүй, хөлтэй хөлгүй ургийн гажигтай мал төрдөг байсан. Тэгэхэд үүнийг малын цус ойртсоноос боллоо гэж хэлдэг байв. Малчид гэдэг чинь малынхаа цус ойртсон эсэхийг мэддэг, МАН, АН-ын хулгайч нараас ухаалаг хүмүүс. Нэг айлын дөрвөн хүүхэд ургийн гажигтай хүүхэд төрсөн байна.

Үнэхээр уран хоргүй юм бол яагаад Улаанбадрахад хайгуул хийгээд байгаа Францын компанийн удирдлага, ажилчид нутгийн иргэдтэй адил Улаанбадрахын уснаас уудаггүй юм. Яагаад нутгийн малнаас авч хэрэглэдэггүй юм. Сүүг нь аваад, хашаандаа оруулаад асгачихдаг гэж байгаа. 2009 онд урт нэртэй хууль батлагдахад, араар нь цөмийн энергийн хууль давхар батлагдаж байсан. Эх орон, ард иргэдээ боддоггүй юм бол нутгийн иргэдтэй иргэний нийгмийн байгууллагууд нийлээд тэр компаниудыг хүчээр буулгахаас өөр аргагүй” гэж ярьж байсан юм.