УИХ-ын гишүүн Б.Батзориг тэргүүтэй хүмүүсийн ЖДҮХС-ийн  хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

УИХ-ын гишүүн Б.Батзориг тэргүүтэй хүмүүсийн ЖДҮХС-ийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ

ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирлаар ажиллаж байсан С.Төгсбилэг, ХХААХҮЯ болон уг сангийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаасүрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй юм

Б.Батзоригийг сайдын албан тушаал хашиж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлж, дээрх сангаас хөнгөлөлттэй зээл олгохдоо албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгож, нэр бүхий УИХ-ын гишүүд, эрх бүхий албан тушаал хашиж буй хүмүүсийн хүсэлтээр тэдний хамаарал бүхий болон өөрийнхөө гэр бүлийнхний аж ахуйн нэгжүүдэд 700 саяас тэрбум гаруй төгрөгийн үнэтэй мөнгө шилжүүлсэн хэмээн буруутгасан.

Дээрх хүмүүст холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 13.30 цагт хийхээр товлосон ч яллагдагчаар татагдсан дээрх хүмүүсийн өмгөөлөгч нар нь хурал давхацсан тул хойшлуулах хүсэлт тавьсан байна. Ингэснээр энэ сарын 18-ны 14.00 цагт хийхээр товлолоо.

ЖДҮХС-гаас бага хүүтэй зээл аваад түүнийгээ банк бус санхүүгийн байгууллагын данс руу шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг АТГ-ынхан өдгөө үргэлжлүүлэн шалгаж байгаа билээ.