Монголбанкны ерөнхийлөгч , СЗХ-ны даргыг томиллоо

Монголбанкны ерөнхийлөгч , СЗХ-ны даргыг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгчөөр Бядрангийн Лхагвасүрэнг томилохыг гишүүдийн 76.2 хувийн саналаар дэмжлээ. 

Б.Лхагвасүрэн нь 1989 онд Монгол Улсын Их Суруулийг Эдийн засгийн ухааны бакалавр зэрэгтэй төгссөн, 1999 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд Олон улсын харилцааны магистр цол хамгаалжээ. 1993 оноос ажлын гараагаа Монголбанкны эдийн засагч, ахлах эдийн засагчаас эхэлсэн байна. Улмаар 2013 он хүртэл Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирал, Ерөнхийлөгчийн зөвлөх, Бүртгэл, Мэдээллийн технологийн газрын захирал, Банкны сургалтын төвийн гүйцэтгэх захирал, Монголбанкны Хяналт шалгалтын газрын захирлаар ажиллаж байсан туршлагатай. Тэрээр 2014 оноос Монголын Банкны холбооны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2016 оноос өнөөг хүртэл Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажилласан юм.
 
Ташрамд дурдахад Монгол Улс 2017 онд FATF-ын "саарал жагсаалт"-д орох эрсдэл үүсэж, тодорхой зөвлөмж биелүүлэхийг шаардсан. ЭЗБХ-ны энэ оны зургаадугаар сарын хуралдаанаар, тус байгууллагын зөвлөмжийг Монголбанк хангалтгүй биелүүлсэн гэж дүгнэжээ. Тиймээс Төв банкны тухай хуулийн 26.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн" бол Монголбанкны удирдлагыг чөлөөлөхөөр заасныг үндэслэж Н.Баяртсайханыг энэ сарын 21-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
 
Мөн Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/-ны даргаар Д.Баярсайханыг томилов.

Санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн хэмээн СЗХ-ны дарга С.Даваасүрэнг энэ сарын 21-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тиймээс төрийн албан хаагчийн шатлан дэвших зарчмыг баримтлан тус хорооны дэд даргаар ажиллаж байгаа Д.Баярсайханыг хорооны даргад нэр дэвшүүлж буйгаа УИХ-ын дарга чуулганд танилцуулав. Нэр дэвшигчийг хуралдаанд оролцсон гишүүдийн 76.1 хувь дэмжиж, томиллоо.




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө