Бороо, цас, үер зэрэг гадаргын усыг хуримтлуулах нуурыг Баруун салаанд байгууллаа

Бороо, цас, үер зэрэг гадаргын усыг хуримтлуулах нуурыг Баруун салаанд байгууллаа

-НУУРЫГ БАЙГУУЛСНААР ОРЧНЫ БОХИРДОЛ БУУРЧ, ЗӨӨЛӨН УУР АМЬСГАЛТАЙ БОЛНО-

Нийслэлийн Байгаль, орчны газраас санаачлан нийслэлийн төсвөөр гадаргын ус хуримтлуулах хиймэл нуурыг анх удаа нийслэл Улаанбаатар хотод байгууллаа. Тодруулбал, нийслэлийн төсвийн 147 сая төгрөгөөр  Сонгинохайрхан дүүргийн Толгойтын баруун салааны бумбатыг ашиглан 1.2 метр гүнтэй, 10500м3 эзэлхүүнтэй нуурыг байгуулсан байна.

Уг нуурыг байгуулсны ач холбогдол олон. Тухайлбал, усны бүх хэрэглээгээ гүний цэвэр усаар хангадаг манай улс ийм хэмжээний нуурыг олонтоо байгуулснаар ядаж л ган гачигтай зун малаа усаар таслах эрсдэлгүй болж байгаа юм.

Цаашлаад нуурын эргэн тойрон орчим чийглэг зөөлөн уур амьсгалтай болох, тоосжилт багасахаас эхлээд орчны бохирдол арилах, хүмүүс амарч зугаалах газартай болох нуур дагасан шувууд болон бусад амьтдаас эхлээд биологийн төрөл зүйл нэмэгдэх, амьдрах таатай орчин бүрдэх зэрэг олон давуу талтай юм. Уг хөвийг байгуулснаар урсаад өнгөрдөг цас, бороо, үерийн усыг хуримтлуулан ашигладаг болох эхлэл тавигдаж байна гэсэн үг.

-Э.БАТТУЛГА: ГАДАРГЫН УСЫГ ХЭДИЙ ХЭМЖЭЭГЭЭР ХУРИМТЛУУЛНА. ТЭР ХЭМЖЭЭНИЙ ГҮНИЙ УСЫГ ХЭМНЭНЭ-

Энэ талаар Нийслэлийн байгаль орчны газрын дарга Э.Баттулгаас зарим мэдээллийг өглөө. 

-Уг ажил төсөл хэлбэрээр явагдаж байгаа юу. Хэдэн оноос эхлэлтэй ажил вэ?

-Социализмын үед хэрэгжиж хэд, хэдэн газарт ийм нуурыг байгуулж байсан. Өмнө нь хийж байсан ажил юм. Бид энэ удаа нийслэлд нэг газарт байгууллаа. 2013-2014 оны үед зураг төсөв нь хийгдсэн ч хөрөнгө мөнгөнөөс болоод гацаад байсан. Сая бид булагийн дээр нуураа байгуулсан учраас харьцангуй жижиг хэмжээтэй болсон. Хэрвээ Туул гол шиг том голууд дээр хийвэл илүү том нуур болно.  Улиастай, Хөлийн гол дээр хийхээр төлөвлөж байгаа. Дажгүй сайхан том нуур болох байхаа.

-Нуур байгуулах ажил хэрхэн цаашид үргэлжлэх вэ?

-Нийслэлд дахин гурван газарт ийм нуур хөвийг шинээр байгуулахаар төлөвлөсөн.  Нийслэлийн нутаг дэвсгэрт явуулсан усны тоо бүртгэлээр 48 гол горхиноос нэг, 120 булаг шандаас ес, 14 рашаан уснаас хоёр, найман нуур цөөрмөөс нэг нь ширгэж үгүй болсон.

Жилд дунджаар 9000 гаруй гүний худгаас 80 орчим сая шоо метр газрын доорх усыг ашигладаг манай хотын хувьд гүний цэвэр усны хэрэглээг боломжит бүх арга замаар бууруулж, гадаргын ус ялангуяа бороо, цас, үерийн усыг хуримтлуулан ашиглах нь эдийн засгийн болоод байгаль хамгааллын онцгой ач холбогдолтой.

-Эхний нуурыг нийслэлийн төсвөөр хийсэн юм байна. Цаашид аж, ахуй нэгжүүд болон хувь хүн, иргэд хамтраад ийм нуурыг байгуулах ажлыг санаачилж уриалж, дэмжиж ажиллавал болох юм шиг санагдлаа?

-Заавал төсвийн мөнгөөр хийх ажил биш. Нийгмийн хариуцлагаа ухамсарласан аж ахуй, нэгжүүд ийм нуурыг хийвэл насан туршийн ажил. Ер нь бол Монголын бүхий л гол Номхон далайн ай сав, Хойд мөсөн далайн ай сав, Төв азийн гадагш урсгалтай ай савууд руу урсдаг. Туул , Хэрлэн, Орхон мөрөн, Сэлэнгэ мөрөн бүгд гадагшаа урсдаг. Тэгэхээр үерийн ус болон өвөл, хаврын цасыг боломжит хэмжээгээр хуримтлуулах нь хэрэгтэй. Хэдий хэмжээний их ус хуримтлуулна тэр хэрээр гүний цэнгэг усыг хэмнэж байгаа юм.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө