13 дахь сарынх нь цалинг нэмэхгүй бол “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид АЖИЛ ХАЯНА гэлээ

13 дахь сарынх нь цалинг нэмэхгүй бол “Эрдэнэт” үйлдвэрийн ажилчид АЖИЛ ХАЯНА гэлээ

“Эрдэнэт” ТӨХК нь ажилчдынхаа 13 дахь сарын цалинг нэмээгүйн улмаас тус үйлдвэрийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж магадгүй болжээ. Үйлдвэрийн ажилчид 13 дахь сарынхаа цалинг хоёр дахин нэмэгдүүлж авах асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хүсэлт ирүүлжээ. Уг хүсэлтэд 1500 ажилтан гарын үсгээ зурсан байна.

-О.БААСАНХҮҮ: “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЧИД
БАЙНГЫН ДАРАМТАД БАЙДАГ-

2019 онд Эрдэнэт үйлдвэр нь нэг их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Тэгэхээр үйлдвэрийн ажилчдын цалинг дотоод журам болон графикийн дагуу нэмэх ёстой гэж ажилчид үзэж, Цагаан сараас өмнө 13 дахь сарын цалинг хоёр дахин нэмэгдүүлж өгөхийг хүсч байгаа аж.

Олсон ашгийнхаа хэрээр 13 дахь сарын цалинг нэмж ирсэн нь тус үйлдвэрт олон жил хэрэгжиж ирсэн жишиг юм байна.

Хэрвээ хүсэлтийг хангаж цалинг олгохгүй бол дараа, дараагийн шатны арга хэмжээг авна. Тодруулбал, ажил хаялт зарлаж, бослого тэмцэл өрнүүлнэ гэж ажилчид УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хэлсэн аж. Цаашлаад мэргэжлийн хуулийн баг авч Эрдэнэт үйлдвэрийг шүүхэд өгөх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Мөн тус үйлдвэрийн ажилчид байнгын дарамтад байдаг тухайгаа УИХ-ын гишүүн О.Баасанхүүд уламжилжээ. Тодруулбал, ажилчдыг хувийн орон зай буюу фэйсбүүктээ үйлдвэртэй холбоотой сөрөг мэдээлэл тавьбал ажлаас нь хална гэж сүрдүүлдэг байна.

-АТГ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ ХИЙГДСЭН ТЕНДЕРИЙН АЖЛУУД
ДЭЭР АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА-

Энэ талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс зарим асуултад хариулт авлаа.

-Эрдэнэт үйлдвэрийн 1500 ажилтны гарын үсэгтэй өргөдөл таньд ирсэн гэсэн. Хүсэлтийг хангуулахаар хэрхэн ажиллаж байгаа вэ?

-Ажилчдаас ирүүлсэн хүсэлтийн дагуу Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Өргөдлийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо мөн тус үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн нэр дээр бичиг хүргүүлсэн. Өмнө нь тус компанийн ТУЗ хуралдаж шийдвэр гаргаад ашгийн тодорхой хэсгийг ажилчдад өгдөг байсан. Одоо төрийн өмчит үйлдвэрийн газар болсон учраас ТУЗ-гүй ажиллаж байгаа. Тийм учраас Төрийн өмчийн хороо, ЗГХЭГ уг асуудлыг шууд мэдэж чиглэл өгөх ёстой. Өргөдлийн байнгын хороо нь 900 хүний гарын үсэгтэй өргөдлийг хүлээн авч хэлэлцэх үүрэгтэй. Хэлэлцсэний дараа Засгийн газарт чиглэл өгсөн тогтоол гаргах ёстой. ТУЗ-гүй учраас Засгийн газраас чиглэл гаргасан тогтоолыг өгөх нь зайлшгүй юм. Одоо онцгой дэглэм тогтсон байна. УИХ-ын гишүүн би тус үйлдвэр дээр очоод санхүүгийн дотоод үйл ажиллагаанд шууд оролцох боломжгүй. Тиймээс Өргөдлийн байнгын хороог шийдвэрлэж өгөөч гэж бичиг өгсөн.

-Тус үйлдвэрт онцгой дэглэм тогтоосний цаана эрх баригч МАН Эрдэнэтээс сонгуулийн мөнгөө босгоод байна гэх хардлага олон хүнд бий.  Тэд ажилчдад өгөх цалингийн мөнгийг сонгуульдаа ашиглахаар авчихаад байгаа юм биш биз дээ. Таньд тийм хардлага байна уу?

-Онцгой дэглэм тогтоосон учраас би очиж санхүүгийн мэдээлэлтэй нь танилцах бололцоо хомс байна. Тийм учраас би АТГ-д хандсан. Тэдний зүгээс тус үйлдвэрт хийгдсэн тендерийн ажлуудыг нь цуглуулаад ажиллагаа хийж байна гэж хэлсэн. Миний хувьд улсын том үйлдвэрийн үйл ажиллагаанд доголдол гаргуулахгүйн тулд хуулийн дагуу ажиллаж байна. Одоогоор Л.Оюун-Эрдэнэ сайд Засаг дарга нарыг дагуулаад Энэтхэг явсан гэхээс өөр мэдээлэл алга байна. Ажилчдын зүгээс нийт орлогын ашгаас хуучин жишгийн дагуу олгохгүй бол ажил хаялт, бослого, жагсаал хөдөлгөөн өрнүүлэхэд бэлэн байгаагаа надад хэлсэн.




Улаанбаатарт 12 градус дулаан байна

17 цагийн өмнө

Шуурхай мэдээ