Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив

Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэх талаар Парламентууд хамтран ажиллах санал тавив

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Австралийн Холбооны Улсад болж буй Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой уулзав. Уулзалтаар Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг Малайзад хөнөөсөн хэргийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг Малайзын парламентын дэд даргаас хүслээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, “Манай иргэний амь насыг хөнөөсөн жигшүүрт хэрэг гараад цөөнгүй жил болж байна. Хэргийг хугацаа алдалгүй эцэслэн шийдвэрлэх ёстой гэж бид үзэж байна. Үүнд түлхэц үзүүлэх зорилгоор хоёр орны парламентууд хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллах саналыг тавьж байна” гэв.

Ноён Дато Мохд Рашид Хаснон “Шинэ Засгийн газар байгуулагдаж, уг хэргийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Улс төрийн талаас нөхцөл байдал өөр болсон нь энэ хэргийг шийдвэрлэхэд дөхөм үзүүлнэ гэдэгт итгэж болно. Гэхдээ тодорхой цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоорой. Таны тавьсан саналын талаар Монгол Улсын Их Хурлаас албан ёсны шийдвэр гаргаж, ирүүлбэл сайн байна” гэсэн юм.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар ойрын үед Монгол Улсын Их Хурлаас тогтоол гаргаж хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

 

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс